Газад тусламж үзүүлэхээр явж байсан хөлөг онгоцыг Израилын тал саатуулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ЙЕРУСАЛИМ, 2025 оны зургаадугаар сарын 9 /DW/. Газын зурвас руу хүмүүнлэгийн тусламж тээвэрлэн явж байсан “Мадлин” хөлөг онгоцыг Израилын арми саатуулсан тухай мэдээллийг “Эрх чөлөөний флот” эвсэл /FFC/ баталжээ.
Тус бүлгийн мэдэгдсэнээр,
хөлөг онгоцыг нь олон улсын усан хилд байхад нь Израилын цэргийнхэн дайрч, хүчээр
саатуулсан байна. “Хөлөг онгоцон дээр хууль бусаар гарч, зэвсэггүй энгийн иргэдээс
бүрдсэн багийнхныг нь хулгайлж, хүүхдийн сүү, хоол хүнс, эм тариа зэрэг хүмүүсийн
амь насыг аврах ачааг хураан авсан” гэж FFC мэдэгдсэн байна.
Хүний эрхийн
өмгөөлөгч, “Эрх чөлөөний флот”-ын зохион байгуулагч Хувайда Арраф мэдэгдэхдээ, “Мадлин”
хөлөг онгоцон дээрх сайн дурынхныг саатуулах хууль ёсны эрх Израилд байхгүй гэсэн
байна. Түүний хэлснээр, тусламжийг хураан авсан нь олон улсын хууль тогтоомжийг
зөрчсөн үйлдэл бөгөөд “Газад хүмүүнлэгийн тусламжийг саадгүй нэвтрүүлэхийг
шаардсан заавал биелүүлэх ёстой Олон улсын шүүхийн /ОУЭШ/ тушаалуудтай” зөрчилдөж байна.
Харин Израилын Гадаад хэргийн яамнаас мэдэгдэхдээ, Газын зурвас руу
хүмүүнлэгийн тусламж тээвэрлэж явсан “Мадлин” хөлөг онгоцыг саатуулж, “Израилын эрэг рүү
аюулгүйгээр авчирч байна” гэсэн байна. Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэгч, Шведийн идэвхтэн
Грета Тунберг зэрэг зорчигчид эх орон руугаа буцах төлөвтэй байна гэж тус яам X нийгмийн сүлжээнд мэдээлжээ.
“Грета болон бусад хүмүүс хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглан өдөөн хатгасан үйл ажиллагаа зохион байгуулахыг оролдсон бөгөөд үүний цорын ганц зорилго нь олны анхаарлыг татах байсан. Тэдний хөлөг онгоцонд нэг ачааны машиныхаас бага хэмжээтэй тусламжийг тээвэрлэсэн байсан, харин сүүлийн хоёр долоо хоногийн дотор Израилаас 1200 гаруй тусламжийн машин Газын зурвас руу нэвтэрсэн” гэж Гадаад хэргийн яам мэдэгдсэн байна.