ӨМНӨГОВЬ: Хүлэмжид усан үзэм тариалж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2025-06-24 10:09:05

Даланзадгад, 2025 оны зургаадугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Хамтын ажиллагааны хүрээнд БНСУ-ын Жонбук мужийн удирдлагууд Даланзадгад суманд хүрэлцэн ирж газар тариалан эрхлэгчидтэй уулзаж, хүлэмжийн аж ахуйтай танилцжээ.

 

Тодруулбал, Даланзадгад суманд БНСУ-ын Хөдөө аж ахуйн газар тариалан судалгаа хөгжлийн хорооны 27 дахь дарга Ра Сын Ён тэргүүтэй албаны хүмүүс айлчилж, "Хүлэмжийн цогцолбор аж ахуйн парк"-тай танилцсан юм.

 

Энэ үеэрээ хөдөө аж ахуйн салбарт хамтарч ажиллах талаар санал солилцож, хүлэмжийн ажилтнууд говьд усан үзэм тариалсан гурван жилийн туршилт, судалгааны үр дүнтэй танилцлаа.

 

ХААИС-ийг агрономич мэргэжлээр төгссөн Э.Эрхбаяр, Б.Тэгшжаргал нар 2022 онд Япон улсад мэргэжил дээшлүүлж ирэхдээ усан үзмийн модны суулгацыг авчирч, 2023 оны тавдугаар сард хүлэмжид шилжүүлэн суулгаад удалгүй анхны ургацаа авч байжээ.

 

Өнөөдрийн байдлаар тус модноос гурван багц жимс ургаад байгаа бөгөөд хүлэмжид нэгээс хоёр хүртэлх насны нийт 23 суулгац үрслүүлээд байна.

 

БНСУ-ын хөрөнгө оруулалтаар байгуулсан “Хүлэмжийн цогцолбор аж ахуйн парк” нь орон нутгийн сум дундын 50 га талбайтай. Үүнээс 1.2 га газарт хүлэмж байгуулан тариалалт хийж, усан үзэм, гүзээлзгэнэ болон бусад нарийн ногоо тариалж байгаа юм.

 

Зөв технологиор, таатай нөхцөл бүрдүүлэн тарьж чадвал усан үзмийн нэг модноос 150 кг хүртэл жимс хураах боломжтойг тариаланчид онцоллоо.

 

Даланзадгад хотын хэмжээнд 205 иргэн 8 аж ахуйн нэгж байгууллага нийт 72 га талбайд тариалалт хийдэг.

 


Связанные новости