Хэрлэн барс хотын цамхагийг сэргээн засварлав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДДорнод аймгийн Цагаан-Овоо сумын нутагт орших Хэрлэн барс хотын туурийн цорын ганц үлдэж Барс хотын цамхагийг сэргээн засварлаж сум орон нутгийн удирдлагуудад хүлээлгэн өглөө.
Энэхүү түүхэн дурсгалт цамхаг нь манай эриний 9-11 зуунд хамаарагдах соёлын хосгүй өв билээ. Цамхагийг сэргээн засварлах ажил 2014 оноос эхэлж ийнхүү өчигдөр дууслаа. Хэрлэн барсын цамхагийг сэргээн засварлахад БСШУСЯ-ын харъяа Соёлын өвийн төв, БНХАУ-ын Соёлын өвийн академи хамтран ажиллаж БНХАУ-ын талаас нэг сая юаны хөрөнгө гаргаж мянган хоёр зуу шахам жилийн настай соёлын үнэт өвийг дахин мянган жил сүндэрлэхээр болголоо. Цамхагний хөх тоосго маш ховор шавраар бүтсэн учир түүний орц найрлагыг судалж БНХАУ-аас уламжлалт аргаар тоосго хийдэг мэргэжилтнүүдийг авчран цамхагийн хажууханд бааюу байгуулан 15000 орчим хөх тоосго гарган засварлажээ. Цамхагийг хүлээлгэн өгөх ажиллагаанд БСШУСЯ-ны Соёл урлагийн газрын дарга Н.Болд, соёлын өвийн төвийн захирал Г.Энхбат, БНХАУ-ын Соёлын өвийн академийн ерөнхий захирал Чай Са Мин, инженер Лу Жан, Дорнод аймгийн ЗДТГ-ын дарга П.Бат-Өлзий, МХГ-ын дарга Д.Мөнхтуяа, соёлын улсын байцаагч Ж.Мангалжав нар оролцлоо.
Хэрлэн барс хотын тухайд товчхон өгүүлэхэд Кидан гүрний үед байгуулагдсан гэж түүхчид үздэг. Их Юань гүрэн задран унахад сүүлчийн хаан Тогоонтөмөр Дайду хотоос хөөгдөн Хэрлэн барс хотод ирж байсан гэж зарим түүхэн эх сурвалжид өгүүлжээ. Энэхүү цамхаг нь хоёр хос байсан ба нэг нь 1970-аад оны сүүлчээр бүрэн нурсан гэж хүмүүс ярьдаг. Гэтэл зарим нь харуулын цамхагийн зориулалтаар баригдсан гэж үздэг . Бас нөгөө нэг хэсэг нь суварга ч гэж ярьдаг. Учир нь цамхаг дотор олон бурхны зураг байдаг байсан учраас нэлээд хожуу шашны зан үйлийн зориулалтаар ашиглаж байсан гэсэн таамаг байдаг билээ. Цамхагийг сэргээн засварлахын өмнө Шинжлэх ухааны яамны археологийн хүрээлэнгийн судалгааны баг цамхаг орчимд малталт, судалгаа хийж үйсэн дээрх бичиг шашны холбогдолтой эд өлгийн зүйлсийг олж аймгийн музейд хүлээлгэн өгсөн байна.
Б.Туяа