СЭЛЭНГЭ: Өвөлжилт хүндрэх төлөвтэй сумдад аймгийн Онцгой комиссоос үүрэг чиглэл өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-11-24 15:03:10

Сүхбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Баянгол, Мандал, Орхон, Орхонтуул, Сант, Сайхан, Цагааннуур, Хушаат, Зүүнбүрэн, Баруунбүрэн, Жавхлант зэрэг 11 сумын нутгаар өвөлжилт хүндрэх төлөвтэй байна.

 

Иймээс аймгийн Онцгой комиссоос өвөлжилт болон цаг үеийн асуудлаар сумдын онцгой комисст үүрэг чиглэл хүргүүлжээ. 

 

-Өвөлжилт хүндэрсэн, хүндэрч болзошгүй сумдад малын өвс тэжээл, эм, эмчилгээний хэрэгсэл, өргөн хэрэглээний болон хүнсний бараа, бүтээгдэхүүнийг хүргэх, хүн хүчийг нэмэлтээр дайчлах, шуурхай ажлын хэсэг байгуулах,

 

-Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн богино болон дунд хугацааны урьдчилсан мэдээ, цаг агаарын урьдчилсан төлөвөөр тогтмол хангах,

 

-Өвөлжилт хүндэрсэн үед шаардлагатай мал эмнэлгийн эм, эмийн хэрэгслийн нөөцийг бүрдүүлж,  мал эмнэлгийн дуудлага, үйлчилгээний бэлэн байдлыг хангах,

 

-Сумд шатахуун, тослох материалыг зохих хэмжээнд нөөцийг бүрдүүлж, хомсдол үүсэхээс сэргийлж, шатахууны хэрэглээг тасралтгүй хангахад анхаарах,

 

-Хэрэглээний мод бэлтгэх ажлыг сумын хэмжээнд шуурхай зохион байгуулах,

 

-Халтиргаа, гулгаа үүссэн үед зам засвар, арчлалтыг хийж, хөдөлгөөний хэвийн аюулгүй байдлыг хангах, нөхцөл байдал үүссэн үед шуурхай арга хэмжээ авч ажиллах,

 

-Эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдлыг хангуулах, эм тарианы нөөц, шатахуун, шаардлагатай тохиолдолд дуудагдан ажиллах хүний нөөцийн судалгаа гаргах,

 

-Сургуулийн өмнөх байгууллага болон ерөнхий боловсролын сургуульд эрсдэлийн тандалт хийх, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлэх,

 

-Сургуулийн дотуур байрны дулаан, нүүрс, хүнсний нөөцөд хяналт тавих,

 

-Туулах чадвар сайтай авто машин техникийн бэлэн байдлыг хангах зэрэг үүрэг чиглэлийг сумдын Онцгой комисст  өглөө.

Связанные новости