СЭЛЭНГЭ: Цагааннуур сум намрын ургац хураалтаа ангилан хадалтаар эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-08-22 15:46:41

Сүхбаатар, 2025 оны наймдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны ажлын хэсэг хүнсний ногооны тариалалтыг баталгаажуулах, ургац хураалтын бэлтгэл ажилтай танилцах, 2026 оны тариалалтад шаардагдах үрийн хянан баталгаа, улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих ажлаар тариалан бүхий аймаг, сумдуудад ажиллаж байна.

 

Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын үр тариа, тосны ургамлын ургац хураалтын ажил ангилан хадалтаар эхэллээ. Тус сумын тухайд улсын үр тарианы 30-40 хувь, аймгийн үр тарианы 50-70 хувийг дангаараа үйлдвэрлэдэг, газар тариалангийн гол бүс.


Энэ жилийн хувьд тариалангийн гол бүс нутгуудад агаарт 37.0-39.5 градус, хөрсөнд 65.0-69.6 градус хүрч, аагим халуун өдрүүд олон хоног үргэлжилсэн. Үүнтэй уялдан хур тунадас багатай, халалтаас үүдэлтэй зурваслан усархаг бороо, мөндөр зэрэг байгалийн давагдашгүй хүчин зүйлүүд нь таримал ургамлын өсөлт хөгжилтийг зогсоож, хөнөөлт организмын тархалтыг нэмэгдүүлэн, ургацад сөргөөр нөлөөлжээ.


Дээрх нөхцөл байдлаас үүдэлтэй үр тарианы механик болцод өөрчлөлт орсон тул намхан тариа хураах технологийг мөрдлөг болгож, хаягдал багатай хураах чиглэлд анхаарлаа хандуулан ажиллахыг дээрх ажлын хэсгийнхан зөвлөлөө. 

Связанные новости