ОРХОН: Хэлмэгсэдийн дурсгалыг хүндэтгэн Ерөнхий сайд асан А.Амарын хөшөөнд цэцэг өргөлөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр, 2025 оны есдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Орхон аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комисст улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн 95 иргэн бүртгэлтэй байдаг. Өнөөдөр тэдний үр хүүхэд, ач зээ нарын төлөөлөлтэй уулзлаа.
Мөн Монгол Улсын Ерөнхий сайдаар 2 удаа сонгогдон ажиллаж, улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн А.Амар сайдын хөшөөнд цэцэг өргөн дурсгалыг нь хүндэтгэж, Орхон аймгийн буддын хийдүүдэд нэгэн зэрэг хэлмэгдэгсдийн хойдын буянд зориулан ном хурлаа.
Монгол Улсын Их Хурал 1996 онд жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдрийг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон орон даяар хүндэтгэн өнгөрүүлж байхаар шийдвэрлэснээс хойш өдгөө 30 дахь жилдээ тэмдэглэж байна. Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль болон холбогдох бусад хууль, тогтоомжийн хүрээнд хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн өнгөрүүлж байна.