ХӨВСГӨЛ: Ойн цэцэрлэг компани паркийн сарнай нутагшуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-09-26 17:35:29

Мөрөн, 2025 оны есдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Мөрөн сумын иргэн Ойн цэцэрлэг компанийн захирал Ч.Эрдэнэчимэг ойжуулалт хийх, мод бут тарих ажлыг 23 дахь жилдээ хийж байна.


Ойн цэцэрлэг компанийн хамт олон Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд жилд 40 гаруй мянган мод, бут тарьж бойжуулан иргэд, аж ахуйн нэгжид борлуулж байна.


Энэ жил паркийн сарнайг нутагшуулсан байна. Паркийн сарнай нь эрс тус уур амьсгалтай Монгол орны цаг агаарт тэсвэртэй гэдгээрээ онцлогтой юм. Тодруулбал -45 градуст хөлддөггүй бөгөөд олон настай жил бүр буталж  ургадаг юм байна.


Тус компани  улиас, бургас, шар хуайс, хайлаас, голт бор, үхрийн нүд, интоор, чацаргана зэргийг хавар 8 хүлэмжид тарьж ургуулаад, зуны улиралд бойжуулалтын ил талбайд ургуулан хурааж байна. Моднуудаа хавар, намрын бүх нийтээр мод тарих өдөр борлуулдаг. 


Мод тарих гэж буй иргэд хамгийн гол нь хөрсийг зөв бэлдэж, тарьсан модоо усалж, тордож арчилж чадвал Хөвсгөл нутгийн хөрсөнд ямар ч мод ургах боломжтой гэдгийг Ойн цэцэрлэг компанийн захирал Ч.Эрдэнэчимэг хэлж байлаа.

 



Связанные новости