К.Роналду анхны тэрбумтан хөлбөмбөгчин болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2025-10-09 09:34:49

НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 9 /Forbes/. Португалын шигшээ баг болон Саудын Арабын “Аль-Наср” клубийн довтлогч Криштиану Роналду түүхэн дэх анхны тэрбумтан хөлбөмбөгчин болжээ. “Bloomberg”-ийн тэрбумтнуудын индексээр түүний хөрөнгө 1.4 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байна.


К.Роналду зургаадугаар сард Саудын “Аль-Наср” клубтэй 400 сая гаруй ам.долларын шинэ гэрээ байгуулснаар дэлхийн хамгийн чинээлэг тамирчдын нэг болсон байна. “Bloomberg”-ийн тэрбумтнуудын индексээр анх удаа үнэлэгдэж байгаа португал довтлогчийн хөрөнгө 1.4 тэрбумд хүрсэн байна. Ингэснээр Роналду хөл бөмбөгийн түүхэнд тэрбумтан болсон анхны тоглогч болжээ.


К.Роналду олон жилийн турш өөрийн гол өрсөлдөгч Аргентиний довтлогч Лионель Месситэй ойролцоо орлого олдог байжээ. Харин 2023 онд Л.Месси чөлөөт агентын хувиар Хойд Америкийн хөл бөмбөгийн  лигийн (MLS) “Интер Майами” клубт шилжсэнээр нөхцөл байдал эрс өөрчлөгдсөн байна.  


К.Роналдугийн хөрөнгийг үнэлэхдээ хөл бөмбөгийн спортод хөл тавьснаас хойш олсон орлого, мөн хөрөнгө оруулалт, зар сурталчилгааны гэрээнүүдээс олсон орлогыг одоогийн татварын хувь хэмжээ, зах зээлийн нөхцөл байдлыг харгалзан үнэлжээ. 


Португал довтлогч 2002-2023 оны хооронд 550 сая гаруй ам.долларын орлого олсон бөгөөд "Nike" компанитай 10 жилийн гэрээ байгуулж, жилд 18 сая орчим ам.доллар олсон байна. Мөн “Armani”, “Castrol” зэрэг брэндүүдтэй хамтран ажилласнаар хөрөнгө нь 175 сая ам.доллароор нэмэгджээ. 2023 онд “Аль-Наср” клубт ирснээр тэрбээр жилд ойролцоогоор 200 сая орчим ам.долларын татваргүй цалин, урамшуулал, түүнчлэн клубтэй гэрээ байгуулсны төлөө 30 сая ам.долларын нэг удаагийн урамшуулал зэрэг нэмэлт бонус урамшууллууд авсан байна. 


Өдгөө 40 настай К.Роналду “Алтан бөмбөг” шагналыг таван удаа хүртсэн бөгөөд Аваргуудын лиг, Европын таван удаагийн аварга, УЕФА-гийн Үндэстнүүдийн лигийн хоёр удаагийн аварга юм. Тэрбээр шигшээ багийнхаа төлөө хамгийн олон гоол оруулсан тоглогч бөгөөд Европын цомын тэмцээнд хамгийн олон тоглосон дээд амжилтын эзэн юм. Мөн Европын Аваргуудын лиг болон Европын аварга шалгаруулах тэмцээний түүхэн дэх хамгийн олон гоолын эзэн билээ. Түүнчлэн Английн Премьер лиг, Испанийн Ла Лиг, Италийн Сери А-гийн улирлын шилдэг тоглогч болон мэргэн буучаар шалгарч байв.


2022 оны 12 дугаар сард К.Роналду Саудын Арабын "Аль-Наср" клубтэй 2024/25 оны улирлыг дуустал гэрээ байгуулжээ. Тэрбээр тус клубийн бүрэлдэхүүнд 111 тоглолтод оролцохдоо 98 гоол оруулж, 20 удаа гоолын дамжуулалт өгчээ. Өнгөрсөн улиралд К.Роналду Саудын Арабын аварга шалгаруулах тэмцээний мэргэн бууч болсон байна. Тэрбээр 30 тоглолтод 25 гоол оруулжээ. Довтлогч энэ цолыг хоёр дахь удаагаа дараалан хүртжээ. "Аль-Наср" клуб К.Роналдутай гэрээгээ 2027 он хүртэл сунгаснаа зургадугаар сард зарласан юм. Шинэ гэрээнд гарын үсэг зурсан тухайд тэрбээр хэлэхдээ  “миний зорилго, хүсэл тэмүүлэлд хязгаар үгүй” хэмээн мэдэгдсэн байна.


Связанные новости