MONGOLIAN NATIONAL
NEWS AGENCY

ЗАВХАН: Нэг сарын хугацаанд гадна хаягаа кирилл болон үндэсний бичгээр хаягжуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-10-13 14:31:54

Улиастай, 2025 оны аравдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Завхан аймагт албан байгууллага, аж ахуйн нэгж байгууллагын хаягийг кирилл болон үндэсний бичгийн стандартад нийцүүлэх аян өрнөж байна.


“Соёл түгээе” уриан дор улсын хэмжээнд зохион байгуулж буй соёлын орон зай бидний орчин бүтээлч аяны хүрээнд албан байгууллага, аж ахуйн нэгж байгууллагын хаягжилтыг кирилл болон үндэсний бичгийн стандартад нийцүүлэх аяныг 10 дугаар сарын 3-наас 11 дүгээр сарын 3-ны хооронд зохион байгуулж байна.


Энэхүү аяныг Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Завхан салбар, аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар хамтран зохион байгуулж байна. Аянд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа өмчийн бүх хэлбэрийн аж, ахуйн нэгж, байгууллагууд хамрагдах юм.


2024 оны байдлаар Завхан аймгийн 23 сумын 116 төрийн байгууллага гадна хаягаа хос бичгээр бичжээ. Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа нийт байгууллагын 66 хувь нь гаднах хаягаа монгол болон кириллээр хаягжуулсан байна.


Мөн төрийн байгууллагын 1600 гаруй өрөө, тасалгааны 980 орчим өрөөг хос бичгээр хаягжуулсан буюу 60 гаруй хувь нь хос бичгээр өрөөгөө хаягжуулжээ. Завхан аймаг 2021 оноос эхлэн аж ахуйн нэгж, төрийн байгууллагууд барилга байгууламж, өрөө тасалгааны хаягаа хос бичгээр бичихийг уриалж ажил хэрэг болгосон үр дүн нь дээрх баримт юм.


"Монгол бичиг-III" үндэсний хөтөлбөрийн хүрээнд Стандарт хэмжил зүйн газраас баталсан стандартыг орон нутагт үр дүнтэй хэрэгжүүлэх нэг сарын аяныг соёлын бүтээлч аяны хүрээнд зарлаад буй юм. Ялангуяа төрийн байгууллагууд уг шаардлага стандартын дагуу гаднах болон өрөө тасалгааны хаягаа хос бичгээр бүрэн хөтөлнө. Энэ оны нэгдүгээр сараас эхлэн монгол хэлний тухай хуулийн дагуу төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөн явуулж байна. Манай улс кирилл бичгийг 1946 оноос хэвшүүлэн хэрэглэж эхэлсэн ч бидний 1000 гаруй жилийн түүх үндэсний бичиг дээр тулгуурлан хадгалагдаж ирсэн. Иймээс үндэсний бичгийг залуу хойч үеийнхэндээ өвлүүлэх, дэлхий дахинд сурталчлан таниулах нь бидний үүрэг болоод байгаа юм гэж Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Завхан салбараас мэдээлэв.


Ташрамд дурдахад, Завхан аймаг Монгол хэлний тухай хууль, Ерөнхийлөгчийн зарлиг, Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн тогтоол, Завхан аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны чиглэлд туссан “Хос бичигтэн” дэд хөтөлбөрийг 2023-2025 онд хэрэгжүүлнэ. Хөтөлбөрийн хүрээнд үндэсний бичгийн сургалтын болон хэрэглээний орчныг сайжруулж, хэрэглээг нэмэгдүүлэх, төрийн албан хаагчийн үндэсний бичиг сурах болон хэрэглээний чадварыг сайжруулах. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, иргэдэд үндэсний бичгийг албан ба албан бус сургалтаар зааж сургах ажлууд өрнөж байна хэмээн аймгийн ИТХ-ын ажлын албанаас нэмж дуулгав.  



 

Связанные новости