Л.Гэрэлчимэг: Дорнод аймгийн хэмжээнд өдөрт 4500-7000 литр шатахуун түгээж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан,
2025 оны аравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Шатахууны хомсдол, хангалт
нийлүүлэлтийн талаар АМГТГ-ын зүүн бүс дэх
газрын дарга Л.Гэрэлчимэгээс тодрууллаа.
-Аймгийн хэмжээнд шатахууны нөөц хэр байна
вэ?
-Аймгийн төвд үйл
ажиллагаа явуулж байгаа шатахуун түгээгүүрийн 16 станц 7-10 хоног, сумдын ШТС-ууд 2-3
хоногийн нөөцтэй байна.
-Бензин шатахууны хомсдол үүсээд буйтай
холбоотойгоор Та бүхэн ямар зохицуулалт хийж байгаа талаар мэдээлэл өгнө үү?
-Дорнод аймгийн хэмжээнд шатахууны нөөцийн таван агуулах бий.
Энэ таван агуулахаас аймгийн төв болон сумдын ШТС-уудыг хангахын тулд тодорхой
хэмжээнд хязгаарлалт тогтоон ажиллаж байна. Машиных нь шар гэрэл асчихсан эсвэл эрүүл мэндийн болон бусад чухал шалтгаанаар
хол замд зорчих гэж байгаа тээврийн хэрэгсэлд уян хатан хандаж, шатахуун олгох
ажлыг зохион байгуулж байна. Дизель түлш 10 дугаар сарын 22-ноос
эхлэн ачсан тухай мэдээ ирсэн. Өнөөдөр АИ-92 бензиний ачилт хийгдвэл 7-14 хоногт Эрээнцав боомтоор орж ирнэ. Мөн агуулахтай газруудыг нийслэлд бууж байгаа шатахуунаас орон нутаг руу
түгээлт хийх, АИ-92 бензиний татан авалтаа шуурхай хийх талаар компаниудтай
ярилцаж хамтран ажиллаж байна.
-Энгийн үед дээрх 16 ШТС хэдий хэмжээний бензин шатахуун борлуулдаг вэ?
Өнөөдрийн байдлаар борлуулалт хэр зэрэг нэмэгдэв?
-Энгийн үед аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа
ШТС-ууд АИ-92 шатахуун 1500-3000 литрийг борлуулдаг. Өнөөдрийн байдлаар энэ тоо 2-3
дахин нэмэгдсэн буюу өдөрт 4500-7000
литрийг түгээж байна.
-Энгийн үеэс шатахуун олголтыг 2-3 дахин өсгөж байна гэж Та ярилаа. Гэтэл
ШТС-уудын гаднах дугаарлалт өдрөөс өдөрт урт цувуу үүсгэж байна шүү дээ?
-Тандалт судалгаа хийхэд бензинтэй хэрнээ банкаа дүүргэх гэж ШТС-ын гадна дугаарлах тохиолдол их байна. Энэ нь ачааллын нэлээд хувийг эзэлж байгаа.
Ulaanbaatar