ГОВЬ-АЛТАЙ: Хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэг, ур чадварыг дээшлүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Есөнбулаг, 2025 оны аравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. “Хөрөнгийн зах зээлээс төсвийн бус эх үүсвэр татах, хөрөнгийн зах зээлд оролцох зөвлөх үйлчилгээ үзүүлэх” сэдэвт сургалт Говь-Алтай аймгийн Алтай суманд болж байна.
Сургалт нь аймаг, орон нутгийн байгууллагууд болон аж ахуйн нэгжүүдэд хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татах шинэ боломжуудыг танилцуулах, хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой юм.
Энэхүү үйл ажиллагааг Говь-Алтай аймгийн Засаг дарга Г.Чинбат, нийслэлийн өмчит “Улаанбаатар хөрөнгө оруулалт менежмент” ҮЦК ХХК-тай байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд зохион байгуулж байна. Санамж бичгийн гол зорилго нь аймаг, орон нутгийн хөгжлийн төслүүдийг санхүүжүүлэх шинэ эх үүсвэрийг бүрдүүлэх, орон нутгийн эдийн засгийн идэвхийг нэмэгдүүлэхэд чиглэж байна.
Аймгийн Засаг дарга Г.Чинбат төсвийн бус эх үүсвэрийг хөрөнгийн зах зээлээс татах нь орон нутгийн тогтвортой хөгжлийн чухал түлхүүр бөгөөд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлж, инновац, хөрөнгө оруулалтыг дэмжих бодлогыг хэрэгжүүлэхэд тус сургалт онцгой ач холбогдолтойг онцоллоо.

Сургалтад аймгийн удирдлагууд, төрийн байгууллагуудын төлөөлөл, аж ахуйн нэгжийн удирдлага, эдийн засаг, санхүүгийн чиглэлийн мэргэжилтнүүд оролцож байна.
Хөрөнгийн зах зээлийн мэргэжилтнүүд сургалтын явцад дараах чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлж, практик мэдлэг олгож байна. Үүнд:
• Хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татах боломж, нөхцөл
• Бонд гаргах үйл явц, эрх зүйн зохицуулалт
• Орон нутгийн хөгжлийн төслүүдэд хөрөнгө оруулалт татах загварууд
Сургалтын үр дүнд оролцогчид хөрөнгийн зах зээлээр дамжуулан аймаг, орон нутгийн дэд бүтэц, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт хөрөнгө татах мэдлэг, арга барилд суралцаж, цаашид мэргэжлийн зөвлөх үйлчилгээ авах боломж бүрдэж байна.
Энэхүү сургалт нь орон нутгийн эдийн засгийг төрөлжүүлэх, хувийн хэвшлийг дэмжих, орон нутгийн хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад чухал алхам болж байгааг оролцогчид онцолсон юм.
Ulaanbaatar