ХӨВСГӨЛ: Олон нийтийн бизнес хөгжлийн төв байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-11-24 16:03:48

Мөрөн, 2025 оны арваннэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан санамж бичгийн хүрээнд “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн дунд ногоон болон цахим эдийн засгийг хөгжүүлэх” төслийг буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэхээр болсон.


Төслийн дэд бүтцийн бүрэлдэхүүн хэсэгт нэг аймгийг сонгон “Олон нийтийн бизнес хөгжлийн төв” байгуулах бөгөөд тус төвийн зориулалтын барилгыг шинээр барих ажил багтсан байна.


Энэ хүрээнд Хөвсгөл аймгийг сонгон төслийн техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) боловсруулах ажил эхэлсэн бөгөөд Азийн хөгжлийн банкны Зүүн Азийг хариуцсан мэргэжилтэн Б.Цолмонгоор ахлуулсан ажлын хэсэг тус аймагт ажиллаж байна.


Уулзалтын үеэр талууд төслийн байгаль орчин, нийгэм, эдийн засгийн нөлөөлөл, мөн байгуулах төвийн өмчлөл, ашиглалтын зохион байгуулалтын талаар санал солилцов.


Энэ үеэр Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар орон нутгийн ажлын хэсэг байгуулж, төслийн хэрэгжилтэд хамтран ажиллахаа илэрхийллээ.





 

Связанные новости