Сумдын ИТХ-ын тогтоолын 80 хувь нь ажлын хэсэг байгуулсан, шагналд тодорхойлсон байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДАймаг, сумдын хурлын Иргэдийн төлөөлөгчдийг чадавхижуулах сургалт Дорнод аймгийн төв Чойбалсан хотноо эхэллээ.
Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжиж байгаа төслийн хүрээнд энэ удаагийн сургалтыг зохион байгуулж байна. Аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийг чадавхижуулах шаардлага үнэхээр байгаа юм. Тухайлбал, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурал жилд дунджаар 50-70 тогтоол гаргаж байгаагийн 80 орчим хувь нь ажлын хэсэг байгуулсан, одон медальд тодорхойлсон тогтоолууд байна гэж аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Л.Хишигтогтох ярьсан.
Сургалтын үндсэн зорилго нь орон нутаг дахь төлөөллийн байгууллагад ажиллаж байгаа ажилтнууд, төлөөлөгчдийн чадавхи сайжирснаар орон нутгийн хөгжилд түлхэц өгнө гэж үзэж байгаа юм.
Дорнод аймгийн тухайд аймгийн 35 төлөөлөгчийн 19 нь буюу талаас илүү хувь нь, сумын төлөөлөгчдийн 150 буюу 40,1 хувь нь шинээр сонгогдсон төлөөлөгчид байна.
Б.Туяа