Үл мэдэгдэх шингэнд хордсон хүмүүсийн гурав нь хүндэвтэр байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДДорнод аймагт 20 гаруй хүн хордож, дөрвөн хүн нас барсан хэрэг энэ сарын 26-нд гарсан. Хордсон иргэд 26-43 насны хүмүүс байгаагаас одоогоор таван хүн эмнэлэгт эмчлүүлж байгаагаас гурав нь хүндэвтэр байгаа юм байна.
Тус аймагт үйл ажиллагаа явуулдаг газрын тосны "Петро Чайна Дачин Тамсаг" компанийн туслан гүйцэтгэгч "Зөв боломж" компанийн ажилтан 21 хүн нэр, гарал үүсэл нь үл мэдэгдэх шингэн зүйл хэрэглэсний улмаас хордож дөрөв нь амь насаа алдсан юм.
Энэ хэргийн дагуу УМХЕГ-ын дарга Н.Цагаанхүү, ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга Б.Ууганбаяр нараар ахлуулсан ажлын хэсэг, эмч нарын баг тус аймагт ажиллаж гамшгийн хор хөнөөлийг арилгах, саармагжуулахаар ажиллаж байна. Хордогсдод хордлого тайлах, хоргүйжүүлэх эмчилгээ хийж байгаа гэсэн мэдээллийг эмч нар өглөө.
Уг хэргийг аймгийн Цагдаагийн газар, Тагнуулын газар шалгаж байна. Иргэдийн хордсон шингэнийг Улаанбаатар руу шинжилгээнд явуулаад байгаа ажээ. Баттай бус мэдээлллээр бол Монгол иргэд Хятад гал тогоонд хэрэглэдэг гал өдөөгч бодисыг архи хэмээн уусан бололтой.
Б.Туяа