ДОРНОД: Хөгжлийн бодлогын төсөлд 1780 иргэн санал ирүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан, 2025 оны аравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн 2026-2030 оны хөгжлийн төлөвлөгөөний төсөлд энэ сарын 21-28-ны хооронд иргэд, олон нийтээс санал авч дуусжээ. Тодруулбал, найман удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулж, мөн цахимаар 131 иргэн, сумдаас 1300 орчим санал ирүүлсэн байна.
Дорнод аймгийг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл нь аймгийн хөгжлийн тэргүүлэх чиглэл, зорилтыг нэгдсэн байдлаар тодорхойлж, төсөв, хөрөнгө оруулалт, салбарын бодлого хоорондын уялдааг хангах зорилготой дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг юм. Иргэдээс авсан саналыг тусган бодлогын бичиг баримт боловсруулж аймгийн ИТХ-ын 7 дугаар хуралдаанаар хэлэлцэн батална гэж ЗДТГ-ын Бүс, орон нутгийн хөрөнгө оруулалт, бодлого төлөвлөлтийн хэлтсээс мэдээлэв.
Ташрамд, зүүн бүсийн дотоодын нийт бүтээгдэхүүний 42.4
хувийг хөдөө аж ахуйн салбар, 24.1 хувийг аж үйлдвэр, барилга, 28.6 хувийг
үйлчилгээний салбар эзэлдэг. Зүүн бүсийн эдийн
засагт хөдөө аж ахуйн салбарын эзэлж байгаа хувийн жин улсын дунджаас хоёр
дахин их байдаг.
Ulaanbaatar