Монгол Улсын хил гаалиар орж ирэх зөвшөөрөлгүй бодис байсан гэнэ 

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-11-30 10:26:32

Дорнод аймгийн Матад, Халхгол суманд үйл ажиллагаа явуулдаг Петро Чайна Дачин тамсаг компанийн туслан гүйцэтгэгч “Зөв боломж” компанийн 20 гаруй ажилтан нэр нь үл мэдэгдэх бодисонд хордон, дөрвөн хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тэгвэл тэрхүү бодисыг МХГ-ын Хүнсний аюулгүй байдлын лабораторид шинжилж метинол хэмээх химийн бодис болохыг тогтоожээ.

Энэхүү бодис нь зэв арилгах, хөлдсөн эд ангиудыг цэвэрлэх зориулалттай юм байна. Энэ хэргийн талаар мэдээлэл авах зорилготойгоор өчигдөр Дорнод аймгийн ИТХ-ын өргөдөл гомдол хяналт үнэлгээний бодлогын хороо холбогдох хууль хяналтын байгууллагуудын төлөөллийг оролцуулж мэдээлэл авсан. Уг уулзалтад Дорнод аймгийн МХГ-ын хилийн хяналтын алба, гаалийн газар, цагдаагийн газар болон “Зөв боломж” компанийн гүйцэтгэх захирал Л.Банзрагч нар мэдээлэл хийлээ.  Дорнод аймгийн гаалийн газрын удирдлага энэхүү бодис нь Дорнод аймгийн Гаалийн хариуцсан боомтуудаар орж ирээгүй гэсэн мэдээллийг өгсөн. Мөн дээрх бодис нь Байгаль орчны яамнаас зөвшөөрөгдсөн хил гаалиар оруулж ирэх химийн бодисын жагсаалтад байхгүй буюу хилээр орж ирэх ёсгүй бодис юм байна.

Болсон хэргийн талаар “Зөв боломж” компанийн гүйцэтгэх захирал Л.Банзрагч “манай хэсэг ажилчид Хятадын өрмийн 3-р анги дээр хүнс буулгах явцад гал тогооны өрөөнөөс дээрх химийн бодисыг Г гэгч хүн авч оройн хоолны дараа  ажлын байранд дээрээ бусадтай хамт хувааж уусан” гэсэн мэдээллийг өгсөн. Мөн уг бодисыг авсан гэх Г нь “би хятадын гал тогоонд хүнсний ногоо нийлүүлдэг хятад эмэгтэйгээс авсан” гэж мэдүүлжээ. Харин дорнодын гаалиар тус компанийн хүнсний ногоо орж ирдэггүйг хилийн МХГ-ынхан хэлж байсан.

Эндээс үзэхэд ямар ч байсан уг бодис Монгол Улсын хил гаалиар орж ирэх зөвшөөрөлгүй, ямар нэг нууц байдлаар орж ирсэн нь тодорхой болж байгаа юм. Тэрхүү хятад эмэгтэй уг бодисыг хувийн журмаар нууцаар оруулж ирсэн ч байхыг үгүйсгэхгүй юм. Ямартаа ч уг хэргийг Дорнод аймгийн Цагдаагийн газар, Тагнуулын албад шалгаж байна. Хэрэг мөрдөн байцаалтын шатандаа явж байгаа учир хууль хяналтын байгууллагууд илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнгүй. Харин хордсон хүмүүсийн хувьд аймгийн БОЭТ-д эмчлэгдэж биеийн байдал нь тогтворжиж байгаа талаар тус эмнэлгийн захирал мэдээлсэн. Одоогоор 15 хүн эмнэлгийн хяналтад нь эмчлүүлж сувилуулж байгаа юм байна.

Уг хэрэг гарсан даруйд аймгийн Онцгой комисс шуурхай хуралдаж ОБЕГ-т мэдэгдэж шаардлагатай арга хэмжээг түргэн шуурхай авсны хүчинд олон хүний амь эрсдэх аюулыг багасгасан гэдгийг мөн дурдах нь зүйтэй. Хэрэв шаардлагатай арга хэмжээг аваагүй байсан бол хордсон 23 хүний хэд нь өнөөдөр амьд байхыг хэлж чадахгүй байсан байх гэнэ.

Б.Туяа

 

 

Связанные новости