500 кг жинтэй эмэгтэй мэс засалд орно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИНКАИР. /KAZINFORM/. Дэлхийн хамгийн хүнд жинтэй буюу 500 кг жинтэй египет эмэгтэй жин хасах хагалгаанд орохын тулд Энэтхэгийг зорих гэж байна.
Эман Ахмед Абд Эл Ати гэдэг 36 настай энэ эмэгтэй захиалгат нислэгээр Мумбай хот руу явах ажээ. Хэт тарган хүмүүст мэс засал хийх талаар мэргэшсэн доктор Муффазал Лакдавала түүнд хагалгаа хийнэ.
Энэ эмэгтэйг онгоцоор хол газар явж чадахгүй гэж үзэн Каир хот дахь Энэтхэгийн ЭСЯ виз өгөхөөс эхэндээ татгалзаж байсан байна. Харин мэс засалч Энэтхэгийн Гадаад хэргийн сайдад хандсанаар 500 кг жинтэй эмэгтэйд виз олгохыг зөвшөөрчээ.
Абд Эл Атигийн ар гэрийнхний ярьснаар, энэ эмэгтэй хэт илүүдэл жингийн улмаас 25 жилийн турш гэрээсээ гарч чадаагүй гэнэ.
Хэрвээ түүний жин 500 кг гэдэг нь баттай үнэн бол тэрбээр дэлхийн хамгийн хүнд жинтэй амьд сэрүүн байгаа хүн гэгдэж, дэлхийн дээд амжилтыг бүртгэдэг Гиннесийн номонд бичигдэх болно. Энэ үзүүлэлтээр Гиннесийн одоогийн дээд амжилтыг эзэмшигч бол Америкийн иргэн Полин Поттер юм. 292 кг жинтэй түүнийг 2010 онд Гиннесийн номонд бүртгэжээ.
Г.Доржханд