Л.Месси дүрвэгч хүүтэй уулзлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
sarnai@montsame.mn
2016-12-14 13:30:27

ДОХА. /Washingtonpost/. Лионель Мессигийн нэрийг бичсэн гялгар уутан майк өмссөн зураг нь интернэтэд шуугиан тариад байсан афган хүү өөрийн шүтээнтэйгээ уулзжээ.

Муртаза Ахмади хүү Аргентиний үндэсний шигээ багийн бэлгэ тэмдэг болсон хөх цагаан өнгөтэй гялгар уутан дээр “Месси 10” гэж бичээд өмссөн зургаа авахуулсан нь оны эхээр нэлээд шуугиан тарьсан билээ. Зураг дээр Муртаза хүүгийн зөвхөн ар нуруу нь гарсан байсан тул хүүг олж, Месситэй уулзуулах аян хүртэл явагдаж байсан юм.  

Катарт болох хөлбөмбөгийн ДАШТ-нийг зохион байгуулах хорооны мэдээлснээр, мягмар гарагт "Барселона" болон Катарын "Аль-Ахли" багуудын хооронд болсон нөхөрсөг тоглолтын өмнө афган хүү өөрийн шүтээнтэйгээ  уулзжээ.

“Муртаза хүү эцсийн эцэст ийнхүү Месситэй уулзлаа! Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн НҮБ-ын Дээд комиссар афган хүүд мөрөөдлөө биелүүлэхэд нь тусаллаа” гэж ДАШТ-2022-ыг зохион байгуулах хорооны твиттерт хуудсанд бичжээ.

Одоо зургаан настай Муртаза хүү Афганистаны зүүн нутгийн Газни мужид амьдардаг бөгөөд “BBC” агентлагийн сурвалжлагын мөрөөр интернэтээр тарсан зургийн эзэн мөн болохыг 1 дүгээр сарын сүүлчээр тогтоожээ. Аргентиний Хөлбөмбөгийн холбооноос хүүд Аргентиний шигшээ багийн өмсгөл, харин Месси өөрийн тоглодог "Барселона" клубын өмсгөлийг илгээж байсан юм.

Муртазаг хүмүүс хулгайлж магадгүй гэсэн болгоомжлолоос үүдэн Ахмадигийн гэр бүлийнхэн орон гэрээсээ дайжжээ. Одоо тэд Пакистаны Балочистан мужийн төв болох Күэтта хотод байна.

Х.Сарнай

 

Связанные новости