Европт Санта-Клаусууд уралдав
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИНРИГА. /Reuters/. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс болон хүнд өвчтэй хүмүүст туслах зорилгоор мөнгө босгохын тулд Санта-Клаусууд оролцсон гүйлтийн тэмцээн Европын хэд хэдэн улсад боллоо.
Балтийн тэнгисийн Латви улсын нийслэл Рига хотын нэгэн талбайд болсон гүйлтийн тэмцээнд 1000 орчим хүн оролцжээ. Энэ арга хэмжээний үеэр цуглуулсан мөнгийг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд туслахад зарцуулна гэж тэмцээнийг зохион байгуулагчид хэлэв.
Мөн өнгөрсөн бямба гарагт Испанийн Мадрид хотод болсон гүйлтэд 10 мянга орчим Санта-Клаус оролцжээ. Харин энэ арга хэмжээний үеэр цуглуулсан мөнгийг төв мэдрэлийн системд нөлөөлдөг хүнд өвчин болох склероз өвчтэй хүмүүст туслахад зарцуулах ажээ.
Францын нийслэл Парисын хотын захын дүүрэгт мөн Санта-Клаусууд уралдсан байна. Өнгөрсөн онд Парист террорист халдлагууд болсонтой холбоотойгоор уламжлалт энэ арга хэмжээг цуцалж байжээ.
Г.Доржханд