“Volvo” 1962 оноос хойш анх удаа борлуулалтаараа тэргүүлж чадсангүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИНСТОКГОЛЬМ./Reuters/. Шведийн автомашин үйлдвэрлэгч “Volvo” компани өнгөрсөн онд борлуулалтын хэмжээгээр улсдаа тэргүүлж чадсангүй. Энэ нь сүүлийн 55 жилийн хугацаанд тус компани улсдаа борлуулалтаараа тэргүүлж чадаагүй анхны тохиолдол гэнэ.
Харин Германы автомашин үйлдвэрлэгч “Volkswagen” компанийн “Golf” загварын машин 2016 онд Шведэд борлуулалтаараа тэргүүлсэн байна. Энэ загвар нь Шведэд өнгөрсөн онд борлуулсан автомашины 5.9 хувийг эзэлж байгаа бол “Volvo”-гийн машинууд 5.7 хувийг ззэлж байна.
Үүнээс өмнө хамгийн сүүлд 1962 онд “Volvo” улсдаа борлуулалтаараа тэргүүлж чадаагүй аж. Тухайн онд “Volkswagen”-ы “Beetle” Шведэд борлуулалтаараа тэргүүлж байв.
Хятадын “Zhejiang Geely Holding” групп “Volvo”-гийн автомашин үйлдвэрлэлийн салбарыг одоо эзэмшиж байгаа юм. Гэсэн хэдий ч “Volvo” Шведийн нүүр царай болсон гол брэнд хэвээр байна.
Тус компани Шведийн автомашины зах зээлд хамгийн өндөр хувийг эзэлдэг. Тус улсад замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүдийн 21.5 хувь нь буюу таван автомашин тутмын нэг нь “Volvo”-гийнх юм. Харин “Volkswagen”-ы автомашинууд 15.7 хувийг эзэлж байна.
Өнгөрсөн онд Шведэд урьд урьдын жилүүдтэй харьцуулахад хамгийн олон буюу 372 мянган шинэ автомашин худалдаалагдсан байна. Энэ нь 2015 оныхоос 8 хувиар өссөн үзүүлэлт юм.
Г.Доржханд