Дорнод аймгийн БОЭТ-ийн томографийн аппаратгүй болоод бүтэн жил болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2017-04-25 20:05:32
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн БОЭТ-ийн компьютер томографийн аппарат бүрэн зогсолт хийгээд яг нэг жил болж байна. Энэ хугацаанд 300 гаруй хүн томографид харуулахаар нийслэлийг зорьжээ. Ер нь 3 жилийн өмнөөс эвдэрч эхэлсэн, хоёр ч удаа орон нутгаас 110 сая төгрөг гарган засварлаж байсан юм.
Шинэ аппарат худалдан авч суурилуулахад 1.2 тэрбум төгрөг шаардлагатай гэдгийг тус эмнэлгийн удирдлага УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг Дорнод аймагт ажиллах үеэр танилцуулсан. Өмнө нь хэд хэдэн удаа салбар яамандаа энэ талаар хүсэлт тавьж байсан ч эдийн засаг хүндрэлтэй үед шинэ тоног төхөөрөмж авах боломжгүй гэсэн хариуг сонссон, тиймээс өөр бусад санхүүгийн эх үүсвэр хайж байгаагаа ярьж байна. Энэ онд орон нутгийн төсвөөс томографи худалдан авахад 200 сая төгрөг төсөвлөсөн хэдий ч хангалттай тоо биш юм.
Харин Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд тус эмнэлэгт ажиллах үеэрээ түргэн тусламжийн нэг автомашин, унтуулгын аппаратыг нь шинэчлэхээр шийдвэрлэлээ. 
Д.Дэлгэрмаа
Связанные новости