Хурдан адууны үзэсгэлэн худалдаа болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2017-04-27 14:35:21
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аялал жуулчлалын нэгдлээс санаачлан ирэх сарын 20-21-ний өдрүүдэд Дорнод аймгийн Баянтүмэн суманд хурдан адууны үзэсгэлэн худалдаа зохиох гэж байна.
Үзэсгэлэн худалдаанд 21 аймгийн хурдан морь сонирхогч, уяачид оролцох боломжтой. Энэ үеэр ажнай хурдан хүлгүүдийн дуудлага худалдаа болох юм. Үзэсгэлэн худалдааны хамтран зохион байгуулагчаар Баянтүмэн сумын ЗДТГ, Баянтүмэн сумын Морин спорт уяачдын холбоо, Сүхбаатар аймгийн Жавхлант шарга морин спортын холбоо ажиллаж байна. Оролцох хүсэлтэй иргэд өөрийн адууны гэрэл зургийг танилцуулгын хамт илгээж, мандатаа авах юм.
Дорнод аялал жуулчлалын нэгдэл нутгийнхаа иргэд, аж ахуй нэгж байгууллагуудыг нэгдсэн зохион байгуулалтад оруулж, харилцан ашигтай хамтран ажиллахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор байгуулагдаад удаагүй байгаа. Гэсэн ч богино хугацаанд томоохон хэмжээний хэд хэдэн үзэсгэлэн яармаг, эрдэм шинжилгээний хурал, гадаад дотоодын аялагчдыг хүлээн авах бэлтгэлийг хангах гээд багагүй ажлыг амжуулсан гэж тус нэгдлийн захирал Р.Зоригтбаатар ярьж байна. Түүнчлэн хил залгаа хөрш орнуудын аялал жуулчлалын байгууллагуудтай хамтран ажиллах, туршлага солилцох ажлыг ч эхлүүлээд байна.  
Д.Дэлгэрмаа
Связанные новости