Аймгийн Засаг даргын дэргэд Төсөл, хөтөлбөрийн баг байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/ Өвөрхангай аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааны 2017 оны 07 дугаар тогтоолоор аймгийн Засаг даргын дэргэд Төсөл, хөтөлбөрийн баг байгуулаад байна.
Гурван хүний бүрэлдэхүүнтэй ажиллах тус баг нь “Бүтээлч Өвөрхангай-2020” хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, орон нутгийн хөгжилд гадаад орнуудын төсөл, хөтөлбөрийн байгууллагуудын үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтыг татах зорилготой ажиллах юм.
Төсөл, хөтөлбөрийн багийн гишүүдийн цалин болон үйл ажиллагааны зардал, урамшуулалд шаардагдах хөрөнгийг орон нутгийн төсөвт жил бүр тусган санхүүжүүлэх бөгөөд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн ажлын үр дүнг тооцож, урамшуулал олгох ажээ.
Төсөл, хөтөлбөрийн баг нь үйл ажиллагаандаа орон нутгийн онцлог, нэр хүндийг эрхэмлэх, ард түмэнд үйлчлэх, улс орны ёс заншил, дипломат харьцааг чухалчлах, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх, ил тод, нээлттэй, шударга ёсыг эрхэмлэх зарчмаар ажиллаж, үйл ажиллагааны тайланг аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанд жил бүр тайлагнана.
Б.Батчимэг