1976 оны “Apple I” компьютерыг 110 мянган еврогоор заржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
bars@montsame.mn
2017-05-22 15:17:17
БЕРЛИН./TASS/. Германы Кельн хотод болсон дуудлага худалдаагаар Америкийн “Apple” корпорацийн анхны бүтээгдэхүүнүүдийн нэг болох “Apple I” компьютерыг 110 мянган еврогоор заржээ. Энэ тухай “Breker” дуудлага худалдааны компани мэдээллээ.

Энэ нь “Apple” компанийг хамтран үүсгэн байгуулагч Стив Возняк-ийн хувийн хэрэглээнд зориулан бүтээж, 1976 онд Пало-Альто-гийн “гар хийцийн компьютерын клуб”-т танилцуулсан компьютер юм. “Apple I”-ийн үнэ нь 666,66 доллар байсан ба нийтдээ 200 орчим ширхэгийг угсарчээ. Тэдгээр компьютероос дэлхий дээр одоогийн байдлаар 8 нь ажиллаж байгаа аж.

Эхэн үедээ  “Apple I” компьютер нь дэлгэц болон корпусгүй байжээ. Угсрахад зориулагдсан иж бүрдэл хэлбэрээр зарагдаж байсан сонирхогчдын бусад компьютеруудаас ялгаатай нь гэвэл  “Apple I” нь 30 орчим бичил схем бүхий угсралтын хавтан дээр бүрэн угсрагдсан байсан учраас түүнийг анхны суурин компьютер гэж үздэг. Тухайн үед иж бүрэн суурин компьютертой болохын тулд нэмэлтээр корпус, тэжээлийн эх үүсвэр, гар, дэлгэцийг худалдан авах ёстой байжээ.

Өмнө нь Кельнд иймэрхүү төрлийн хоёр ч төхөөрөмжийг зарж байсан юм. 2013 онд  “Apple I” компьютер 516 мянган еврогийн үнэд хүрч рекорд тогтоож байсан билээ. Уг компьютер дээр С.Возняк гарын үсгээ зурсан аж. 2012 оны намар өөр нэгэн төхөөрөмжийг дуудлага худалдаанд оруулж, 490 мянган еврогоор борлуулж байв. 
О.Барс



 



Связанные новости