"Инстаграм"-ын оддын гар утасны дугаар, и-мэйл хаяг хакерчдын гарт оржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
dorjkhand@montsame.mn
2017-08-31 16:20:29
ВАШИНГТОН. /Reuters/. Системд  нь алдаа гарсны улмаас олны танил хүмүүсийн гар утасны дугаар болон цахим шуудангийн хаягууд хакерчдын гарт орсон болохыг нийгмийн сүлжээний “Инстаграм” компани  мэдэгдлээ.

Дэлхийн хамгийн олон хэрэглэгчтэй “Фэйсбүүк” компанийн эзэмшилд байдаг “Инстаграм”-ыг ашигладаг олон алдартны хувийн мэдээлэл кибер халдлагад өртсөн аж. Энэ халдлагын ард “нэг ба түүнээс олон тооны хакерчин” байж магадгүй.

Гэхдээ оддын “Инстаграм”-д нэвтрэх нууц үг алдагдаагүй гэж тус компани мэдэгдээд, хакерчдаас сэрэмжтэй байхыг нийт хэрэглэгчдэдээ анхаарууллаа.

Гэхдээ яг хэдэн хаяг кибер халдлагад өртсөнийг тус компани мэдэгдсэнгүй.

Аппликейшн програмчлалын интерфейс буюу нэг аппликейшн хэрхэн өөр аппликейшнтэй харилцан ажиллахыг тодорхойлдог програмд алдаа гарсан бөгөөд алдааг хэдийн засаж янзалсан гэж албаны хүн хэлэв.

“Инстаграм” нь дэлхийн хэмжээнд 500 сая гаруй хэрэглэгчтэй бөгөөд тэдний 300 сая орчим нь өдөрт наад зах нь нэг удаа энэ нийгмийн сүлжээ рүү нэвтэрч, бусадтай зургаа хуваалцдаг байна.

Г.Доржханд
Связанные новости