Орон сууцанд хэт ойр зам тавьж буйг оршин суугчид эсэргүүцэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-10-05 21:11:54
Yesukheitumur Tumurbaatar
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны 61 дүгээр байртай хэт ойрхон  авто зам тавьж буйд  оршин суугчид эсэргүүцэж байна.
Авто зам гүйцэтгэгч "Өсөх урам" ХХК шөнийн цагаар тус байрны хажуугаар хүнд даацын машин, техник ажиллуулахад айлын гэрлийн бүрхүүл савлах, тавилгад доргилт өгөх чимэээ гарч буйг иргэд хэлж байв.


Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны оршин суугч н.Сэлэнгээ: “Зарим айлын гал зуухны өрөөний тавилга хананаасаа суларсан. Ямар ч зөвшөөрөлгүй 20-иод гарааш, хашааг буулгахгүйгээр авто замаа мурийлгаж барих гэж байгаад бид бухимдаж байна. Яг манай байрны хаяагаар шөнөжин хүнд даацын машин ажиллахаар орон гэртээ унтаж амрах нь байтугай дайжиж явахаар болж байна. Энэ талаар бид Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт гурван удаа дуудлага өгсөн. Гэвч ямар нэгэн хариу байхгүй л байна. Ямартай ч бид энэ замыг байрныхаа хажуугаар тавиулахгүй” гэв.
Тэд дүүрэг, хорооноос сонгогдсон УИХ-ын гишүүн Н.Учрал, НИТХ-ын төлөөлөгч Р.Дагва ирж тойргийнхоо иргэдэд тохиолдоод байгаа бэрхшээлийг шийдвэрлэж өгөхийг хүсч байна гэв.
Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хороолол 32-р байрны арын замаас Тесо ХХК, Мах импекс ХХК-ийн зам хүртэл тавих авто замын ажлыг Дархан-Уул аймгийн “Өсөх урам” ХХК гүйцэтгэж байгаа аж.  Тус компанийн төлөөллөөс иргэдтэй үүссэн маргааны талаар тодруулах гэсэн боловч мэдээлэл өгөхөөс татгалзсан юм.
Т. Есүхэйтөмөр
Связанные новости