Антибиотикийн талаарх мэдлэгийг дээшлүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД“Антибиотикийн талаарх мэдлэг, хандлагыг дээшлүүлэх” долоо хоног энэ сарын 16-22-нд болно.
2014 онд болсон ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн хорооны 65 дугаар чуулганаас “Бүсийн хэмжээнд эмэнд нянгийн тэсвэржилт үүсэхийн эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу эдгээр өдрүүдийг тэмдэглэхээр шийдвэрлэсэн юм.
Тус долоо хоногийг угтан “Эмнэлэгт нянгийн эсрэг эмэнд тэсвэржилт үүсэхээс сэргийлэх талаар оновчтой арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь” сургагч багш бэлтгэх сургалтыг ЭМСЯ, ДЭМБ-тай хамтран энэ өдрүүдэд зохион байгуулж байна.
Энэхүү долоо хоногийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд аймаг, орон нутгийн эмч, эм зүйчдэд зориулан теле сургалт зохион байгуулж, антибиотик эмийн хэрэглээний өнөөгийн байдал, антибиотикийг эмчилгээнд сонгон хэрэглэхэд анхаарах асуудал, зохистой хэрэглээг төлөвшүүлэхэд эм зүйчдийн үүргийн талаар АШУҮИС-ийн багш, холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл өгөх юм.
Мөн ДЭМБ-ын суурин төлөөлөгчийн газартай хамтран эмнэлгийн мэргэжилтэн, хэрэглэгч нарт зориулсан “Антибиотикийн зохистой хэрэглээ”-ний талаарх ухуулга, сурталчилгааны материалыг боловсруулан, түгээж байгаа аж.
Ж.Болор