Амьсгалын замын цочмог халдвар нэмэгдэх хандлагатай байгааг анхааруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2015-11-23 16:15:03

Хүйтний эрч чангарч, томуугийн вирусын шалтгаантай амьсгалын замын цочмог халдвар нэмэгдэх хандлагатай байгаа тул ХХӨСҮТ-өөс ард иргэдэд зөвлөмж, сэрэмжлүүлгийг хүргэж байна.

Дэлхийн хүйтэн сэрүүн уур амьсгалтай улс орнуудын нэгэн адил манай улсад жил бүрийн өвөл, хаврын улиралд томуу, томуу төст өвчин, амьсгалын замын цочмог халдварын тохиолдол нэмэгдэж, 2-3 дэгдэлт үүсгэдэг зүй тогтол ажиглагддаг билээ.

Томуугийн аль ч вирусээр үүсгэгдсэн өвчлөл нь ялангуяа жирэмсэн эмэгтэйчүүд, бага насны хүүхдүүд, хөгшчүүд, архаг хууч өвчтэй хүмүүст үгдрэх хүндрэх хандлагатай байдаг.

Улсын хэмжээнд амбулаторид үйлчлүүлэгсдийн 9-10 хувь орчим нь томуу төст өвчтэй гэж оношлогдож, түргэн тусламжийн дуудлагын тоо олшрох, амьсгалын замын хүнд халдвар, уушгины үрэвслийн улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх өвчтөний тоо нэмэгдэн, орны ачаалал үүсгэх хандлагатай байна. Иймээс бага насны хүүхдийг дааруулахгүй, дулаан хувцаслах, ханиад шуухинаатай бол гэрээс гарахгүй байх, амны хаалт хэрэглэх, гарын ариун цэврийг сайтар сахих, үзвэр үйлчилгээ, олон нийтийн газраар зорчихгүй байх, биеийн эсэргүүцэл нэмэгдүүлэх амин дэмээр баялаг хоол хүнсний зүйл хэрэглэх, чацаргана, аньсны шүүс уулгах, хамрын хөндийг өдөрт 2-оос багагүй удаа цэвэрлэх, угаах, гэр, орондоо чийгтэй цэвэрлэгээ хийх, агаарын сэлгэлтийг байнга хийхийг зөвлөж байна. 

Ж.Болор

Связанные новости