ЮНЕСКО, допингийн эсрэг ажиллах мэргэжилтэн, эмч бэлтгэхэд тусална
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр Спортын төв ордонд ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, БТСГ-ын Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний албатай хамтран харагжүүлэх “Үндэсний допингийн эсрэг байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн гэрээнд гарын үсэг зурах ёслол боллоо.
Энэхүү гэрээнд ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга, Допингийн үндэсний төв болон Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний албаны их эмч Ч.Насанбат нар гарын үсэг зурж баталгаажууллаа.
Энэхүү төслийн зорилго нь тамирчны эрүүл мэнд, нэр төрийг хамгаалах, цэвэр шударга спортыг бий болгоход допинг хэрэглэсэн тамирчныг шийтгэх бус хэрэглэхээс нь өмнө мэдээллээр хангах, мэдлэг эзэмшүүлэх, сургалт сурталчилгааны үйл ажиллагааг тогтмол хэрэгжүүлэхэд оршино.
Тус төслийг хэрэгжүүлэх хүрээнд дэлхийн допингийн эсрэг дүрмийн 2015 оны хувилбар, түүний стандартууд болон допингийн гарын авлагуудыг монгол хэлнээ орчуулах, допингийн хяналтын ажилтан, эмчилгээний хэрэглээнээс чөлөөлөх хорооны гишүүн, үр дүнгийн менежмэнтийн гишүүн бэлтгэх 3 удаагийн сургалт зэрэг ажлыг зохион байгуулах юм.
Тухайлбал, энэ ажлын хүрээнд Сингапур улсаас багш, мэргэжилтнийг урьж ирүүлэн допингийн 20 мэргэжилтэнг бэлтгэнэ. Мөн допингийн мэргэшсэн 5 эмчийг сургаж бэлтгэхээр болжээ.
ЮНЕСКО-гийн 33 дугаар Ерөнхий бага хурлаар “Спортод сэргээш хэрэглэхийн эсрэг олон улсын конвенц”-ыг баталсан юм. Монгол Улс тус конвенцид 2007 онд нэгдэн орсон билээ.
Д.Өлзий