Паралимпийн хотхонд Монголын төрийн далбааг мандууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-03-07 15:39:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр Пёнчан хотноо паралимпийн тамирчдын хотхонд Монгол Улсын Төрийн далбааг мандуулах ёслол болж БНСУ-ын тэнгэрт Азийн Монголын Алтан соёмбот далбаа намирлаа.

Пёнчан хотноо гуравдугаар сарын 9-18-нд өвлийн паралимпийн XII наадам болно. Уг Төрийн далбаа мандуулах хүндэтгэлийн ёслолд энэ удаагийн паралимпийн өвлийн наадамд оролцох багийн бүрэлдэхүүн болон Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Б.Ганболд, Зохион байгуулах хороо, олимпийн хотхоны удирдлагууд оролцсон байна. ЭСЯ-наас өчигдөр багийн бүрэлдэхүүнийг Инчоны олон улсын нисэх буудалд тосч авсан. Тэд энэ наадмын үеэр бүхий л талаар дэмжин туслахаа илэрхийлсэн.

Өвлийн паралимпийн XII наадам гүйлт болон уулын цана, биатлон, хоккей, тэргэнцэртэй кёрлингийн спортын 6 төрлөөр 49 орны 670 тамирчин 80 багц медалийн төлөө өрсөлдөнө.

Дашрамд сонирхуулахад, пара гүйлтийн цанын тамирчин Б.Ганболд Олон улсын паралимпийн хорооноос гаргасан хамгийн сүүлийн чансаагаар (2018.02.26) LW-6 ангилалд 55 тамирчнаас 23 дугаарт байрт жагсч байгаа аж.

Д.Өлзий

Связанные новости