"Алтан гадас-10" Монгол туургатны урлагийн их наадам болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ariunbold@montsame.gov.mn
2018-03-21 14:35:49
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголчуудын түүх соёл, ёс заншил, уламжлалыг сэргээн сурталчлах зорилго бүхий “Алтан гадас-10” хүүхдийн урлагийн их наадам энэ сарын 28-30-нд болно.

Уг наадмын талаар өнөөдөр зохион байгуулагчид мэдээлэл хийв. Наадмыг ЮНЕСКО-ийн холбоот Соёлын аялал жуулчлалын олон улсын нийгэмлэг, БОАЖЯ, Аялал жуулчлалын тогтвортой хөгжил ТББ хамтран Монгол туургатан улс гүрнүүдийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд 10 дахь жилдээ зохион байгуулах юм.

“Алтан гадас-10” хүүхдийн урлагийн их наадмыг зохион байгуулснаар ирээдүйд монголчуудын ёс заншил, түүх соёлыг өвлөн үлдэх, цааш түгээн дэлгэрүүлэх шинэ үеийг бэлтгэх чухал ач холбогдолтой гэдгийг Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноров дурдлаа. Мөн Монгол туургатнууд өв соёлоо түгээн дэлгэрүүлэх чиглэлд хамтран ажиллах томоохон боломжийг бүрдүүлдэг гэдгийг онцлов.

Тус наадамд Монголоос 400 хүүхэд, ОХУ-ын Буриад улс, Эрхүү хот, Өвөр Байгалын хязгаараас 400 хүүхэд оролцохоор бүртгүүлсэн байна. Наадмын нэгдүгээр хэсэг энэ сарын 28-нд Олон улсын хүүхдийн “Найрамдал” зусланд болох юм. Харин шилдэг оролцогчдын гала тоглолт  энэ сарын 30-нд Монголын хүүхдийн ордонд болно.

Д.Сарантуяа
Связанные новости