Орос, Хятад, Монголын дипломатчид ШХАБ-ын хүрээнд хамтран ажиллах тухай хэлэлцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-06-13 12:05:16

МОСКВА. /RIA Novosti/. Өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт Хятадын нийслэл Бээжин хотод Орос, Хятад, Монголын дипломатчдын ээлжит зөвлөгөөн боллоо.

Уг уулзалтад ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Игорь Моргулов, Хятадын Гадаад хэргийн сайдын туслах /орлогч/ Ли Хуэйлай, Монгол Улсын Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг нар оролцсон тухай Оросын Гадаад хэргийн яамны мэдээлэлд дурджээ.

“Талууд янз бүрийн салбар дахь гурван талт хамтын ажиллагааны асуудлаар санал бодлоо солилцож, Орос, Хятад, Монгол хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх "Замын зураг" төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар хэлэлцлээ.

Уг "Замын зургийг" гурван орны удирдагчид 2015 оны долдугаар сард Уфа хотноо болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын /ШХАБ/ гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хурлын үеэр баталсан юм” гэж ОХУ-ын ГХЯ-ны мэдээлэлд дурдсан байна.

Д.Жаргал

 


 

 

Холбоотой мэдээ