Дэлхийн хэмжээнд зэвсгийн импорт 10 хувиар өсчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-06-13 15:06:27

НЬЮ-ЙОРК. /TASS/. Дэлхийн зэвсгийн зах зээл 2015 онд 10 хувиар тэлж, борлуулалтын нийт хэмжээ нь өмнөх онд 58,4 тэрбум доллар байснаа  65 тэрбум долларт хүрчээ. 

Сүүлийн 10 жилийн хугацаанд зах зээл хамгийн дээд үзүүлэлтэд хүрч тэлсэн гол шалтгаан нь Саудын Арави улс цэргийн техник худалдан авах нь эрс нэмэгдсэнтэй холбоотой аж. Тус улс өнгөрсөн онд 9.3 тэрбум долларын зэвсэг худалдан авчээ.

Энэ тухай “Bloomberg” агентлаг “IHS” компанийн бэлтгэсэн “Global Defence Trade Report” тайлан мэдээнээс иш татан уламжилсан байна. Уг тайлан мэдээг ням гарагт нийтэлжээ.

“Саудын Арави улс зэвсэг худалдан авах нь эрс нэмэгдсэн нь тус улс Йемений мөргөлдөөнд оролцож байгаатай холбоотой. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн онд дэлхийн даяар зэвсгийн импорт 10 хувиар өссөн” гэж “Bloomberg” агентлаг онцлон тэмдэглэсэн байна.

Түүнчлэн Ойрхи Дорнод болон Зүүн Өмнөд Азийн ихэнх оронд зэвсгийн эрэлт ихээхэн нэмэгджээ.

2015 онд дэлхийн зэвсгийн импортын хэмжээгээр нэгдүгээрт Саудын Арави орсон байна. Тус улсын зэвсгийн худалдан авалт өнгөрсөн онд 50 хувиар нэмэгджээ. Өнгөрсөн онд зэвсэг худалдан авалтаар хоёрдугаарт Энэтхэг, гуравдугаарт Австрали улс орсон байна.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ