Хэлтэс, агентлагийн удирдлагууд төрийн өмчийн сургуулиудыг хариуцан ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-03-03 15:41:08

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан төрийн өмчит ерөнхий боловсролын сургуулиудыг дэмжин ажиллах тухай 125 тоот захирамж гаргалаа.

Тус захирамжаар сургалтын чанарыг сайжруулахад аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэлтэс, агентлаг, байгууллагуудын удирдлагуудыг татан оролцуулахаар шийдвэрлэж, тэдэнд төрийн өмчийн ерөнхий боловсролын тус бүр нэг сургуулийг хариуцуулсан байна.

Захирамжийн нэгдүгээр хавсралтад зааснаар 38 албан тушаалтан аймгийн төв болон хөдөөгийн 38 сургуулийг тус тус хариуцан ажиллана.

Хэлтэс, агентлаг, байгууллагын удирдлагууд сургуулиудын хичээлийн хоцрогдлыг арилгах төлөвлөгөөтэй танилцаж дэмжлэг үзүүлэх, 6 насны суралцагчдын хамран сургалтын цэвэр жин болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хамран сургалтыг нэмэгдүүлэх, улсын шалгалт, элсэлтийн ерөнхий шалгалтад чанарын амжилт гаргахад дэмжлэг үзүүлэх, дотуур байрны нөхцөл байдал, эрүүл ахуй, ариун цэвэр, хоолны амт чанар зэрэгт анхааран ажиллах ажээ. 

Холбоотой мэдээ