COP15: Биологийн төрөл зүйлүүдийг хамгаалах түүхэн хэлэлцээрийг баталлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
adiyakhuu@montsame.mn
2022-12-20 11:04:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Биологийн олон янз байдлын асуудлаарх НҮБ-ын Дээд түвшний уулзалт /COP15/ Канад улсын Монреаль хотноо болж, манай гарагийн хуурай газар ба далайн гадаргуугийн наад зах нь 1/3-ийг хамгаалалтанд авахаар шийдвэрлэлээ.


Биологийн олон төрөл зүйлүүд бөөнөөрөө устан үгүй болж буйг зогсооход чиглэсэн энэхүү шийдвэрийг Уур амьсгалын асуудлаарх Парисын хэлэлцээртэй дүйцэхүйц ач холбогдолтой баримт бичиг мөн хэмээн шинжээчид дүгнэж байна.


Дөрвөн жилийн турш үргэлжилсэн хэлэлцээний эцэст оролцогч 200 улс /АНУ ба Ватиканаас бусад/ Монреаль хотноо түүхэн хэлэлцээрт гарын үсэг зурлаа.


Дэлхийн байгаль хамгаалах сан /WWF/ уг хэлэлцээрийг “гэнэтийн бөгөөд ихээхэн итгэл найдвар төрүүлсэн үйл явдал” гэж үнэлжээ.  


Өнгөрсөн олон арван жилийн туршид дэлхийн улс орнууд өмнөө тавьсан экологийн зорилтуудаа хэрэгжүүлж чадахгүй байсан, харин энэ удаагийн Монреалийн чуулга уулзалт нь манай гараг дээр биологийн төрөл зүйлүүд устан үгүй болж буйг зогсооход томоохон түлхэц болох учиртай.


Саммитыг даргалсан Хятад улс БНАрдчилсан Конго улсын төлөөлөгчийн хийсэн мэдэгдлийг үл харгалзан дүнгийн баримт бичгийг “зүтгүүлсээр байгаад” батлууллаа. Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтыг БНХАУ-д хийхээр төлөвлөж байсан боловч цар тахлын улмаас Монреальд зохион байгуулжээ.

 

Хэлэлцээрийн агуулга

Үлэг гүрвэлүүдийн мөхлөөс хойш яг өнөө үед дэлхий дээр амьд организмууд хамгийн олноороо устан үгүй болж байна гэдгийг НҮБ-ын Хүрээлэн буй орчны хөтөлбөрийн /ЮНЕП/ тайланд дурдсан нь НҮБ-ыг шийдвэртэй алхам хийхэд хүргэлээ.  

Байгаль өөрөө өөрийгөө нөхөн сэргээх чадах хэмжээнээс 1,6 дахин илүү хэмжээний нөөц баялгийг хүн төрөлхтөн өнөөдөр ашиглаж байна. Үүний улмаас ургамал, амьтны аймгийн 8 сая орчим төрөл зүйлээс 1 сая орчим нь устаж үгүй болохын ирмэг дээр иржээ.  

Зураг дээр: Өмнөд Америкийн древолаз гэдэг хорт мэлхий устаж үгүй болохын ирмэг дээр иржээ 


ЮНЕП-ийн тайланд дурдсанаар, экологийн нөхцөл байдал нь эдийн засагт шууд нөлөөлж байгаа бөгөөд дэлхийн ДНБ-ний талаас илүү хувь нь /41,7 их наяд доллар/ эрүүл экосистемээс хамаарч байна.


Саммитын дүнгийн баримт бичигт 2030 он гэхэд хэрэгжүүлсэн байх ёстой 23 зорилтыг тусгажээ. Зорилтуудыг хангахын тулд баян чинээлэг улсууд 2025 оныг хүртэлх хугацаанд ядуу буурай орнуудад эко системийг хамгаалах зорилгоор 20 орчим тэрбум долларын тусламж үзүүлэх ёстой.


Хэлэлцээрийн заалтуудыг хэрэгжүүлсэн чадсан тохиолдолд хөдөө аж ахуй, нийлүүлэлтийн сүлжээ болон байгаль орчныг хамгаалахад уугуул иргэдийн оролцоо зэрэгт томоохон өөрчлөлтүүд гарна гэж үзэж байна. Тухайлбал, хүрээлэн буй орчныг бохирдуулж буй пестицидийн хэрэглээг 2/3-оор бууруулах, биоген бодисуудын хэрэглээг 50 хувиар багасгах, хуванцар хог хаягдлыг хүрээлэн буй орчинд тархаахыг бүрмөсөн зогсоох гэх мэт заалтууд тусгагдсан байна. Түүнээс гадна, тухайн газар оронд зохицон амьдардаггүй амьтад, шувууд ба хорхой шавьжнууд тухайн нутагт тархах явдлыг 50 хувиар бууруулах талаар дурджээ.


Зураг дээр: Энэтхэг хирсний амьдрах орчин хумигдсаар


ЮНЕП-ийн тайланд дурдсанаар, зөвхөн хуурай газрын эко системийг нөхөн сэргээхэд 2030 он хүртэлх хугацаанд дэлхий даяар жил бүр 200 тэрбум доллар шаардлагатай байна. Үүний сацуу байгаль хамгаалахад оруулсан доллар бүр нь 30 хүртэлх долларын эдийн засгийн өгөөж авчирдаг болохыг сануулан дурдсан байна.   


"Луйвар" ба "төрийн эргэлт"

Чуулга уулзалтын үеэр санхүүжилтийн асуудлаар санал зөрөлдөөн үүссэн бөгөөд зарим ажиглагчдын үзэж байснаар тохиролцоонд хүрэх боломжгүй нөхцөл байдал үүсжээ. Зөвшилцөлд хүрэхэд хамгийн том тээг болж байсан маргаан бол, биологийн төрөл зүйлүүдийн ихэнх нь төвлөрч буй хөгжиж буй орнуудад баян чинээлэг улсуудын зүгээс хэр хэмжээний мөнгө өгөх вэ гэдэг асуудал байлаа. Бразил тэргүүтэй хөгжиж буй хэсэг улсуудын зүгээс, одоо ажиллаж буй Дэлхийн экологийн сангаас / Global Environment Facility, GEF/  тусад нь тусгай сан байгуулах саналыг дэвшүүлсэн байна.


Харин Африкийн зарим улсууд байгаль хамгаалах арга хэмжээнд зориулж ахиу мөнгө авахаар найдаж байсан бололтой. Тухайлбал, Камеруны төлөөлөгч үг хэлэхдээ “Миний бие ургамал, амьтны аймгаар баялаг Конго мөрний хөндийгөөс ирсэн хүн. Энэ нутаг нийт хүн төрөлхтөний хөгжлийн тусын тулд  олон зүйлийг золиосолсон, иймээс энэ хурлын үеэр үүнийг харгалзан үзэх болов уу гэж найдаж байлаа. Гэтэл бидний санал зөвлөмжийг үл тоомсорлосон тул сэтгэл дундуур байгаагаа илэрхийлье” гэж мэдэгджээ.  

Конгын төлөөлөгчийн эсэргүүцэл 

Харин БНАрдчилсан Конго улсын төлөөлөгч дүнгийн баримт бичигт гарын үсэг зурахаас татгалзсан байна. Уганда улсын төлөөлөгч хэлэхдээ, хурлын үеэр “төрийн эргэлт” маягийн зүйл гарсан гэсэн бол Камеруны тал хэлэлцээрийг “луйвар” гэж нэрлэв.


Гэсэн хэдий ч хурлыг даргалсан БНХАУ-ын Байгаль орчны сайд Хуан Жуньцю “зөвшилцөл дуусч, тохиролцоонд хүрснийг” мэдэгдэхэд танхим даяар алга ташин хүлээн авлаа.


Харин АНУ Биологийн олон янз байдлын тухай Конвенцид нэгдээгүй нь Сенат дахь бүгд найрамдахчуудын эсэргүүцэлтэй холбоотой ажээ. Ерөнхийлөгч Ж.Байден гэрээг дэмжиж байгаа бөгөөд 2030 он гэхэд улсынхаа газар ба усны 30 хувийг хамгаалалтанд авахад зорилго бүхий 30x30 гэдэг төлөвлөгөөг хэрэгжүүлж байна. Түүнчлэн АНУ хөгжиж буй орнуудад тусламж болгож, GEF санд хандив өргөдөг ажээ.     


Биологийн олон янз байдлын асуудлаарх НҮБ-ын бага хурал хоёр жил тутамд болдог бөгөөд 196 улсын баталсан Риогийн Конвенцийн хэрэгжилтийн явцыг хэлэлцдэг. 


Эх сурвалж: ВВС 

Холбоотой мэдээ