Экспортыг тэлэх шинэ гарцыг ногоон, цахим худалдаа хэмээн тодорхойлов

ТОЙМ
ariunzaya@montsame.mn
2023-06-28 17:35:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Олон Улсын худалдааны төв болон Монгол Улсын Засгийн газраас НҮБ-тай хамтран зохион байгуулсан “Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт 2023” нь Улаанбаатар хотноо гурван өдөр үргэлжилж өндөрлөлөө.


“Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт” нь ОУХТ-өөс жил бүр зохион байгуулдаг нэрийн хуудас болсон онцлох арга хэмжээ бөгөөд 2019 оноос хойш завсарлаад байсан юм. Зочлох орон болон сэдэв нь жил бүр өөрчлөгддөг ч “Худалдааг хэлэлцье, бизнес хийе, хөгжлийг хөтөлье” гэсэн гол сэдвээ ямагт хадгалсаар ирсэн. Энэ жилийн хувьд “Ногоон бөгөөд цахим худалдаагаар төрөлжүүлье” сэдвийн дор зохион байгуулагдсанаараа онцлог болов.


Олон улсын энэхүү хуралд 70 орны 600 гаруй төлөөлөгч оролцож бүс нутгийн бизнесийн орчин, экспорт, далайд гарцгүй орнуудын зовлон, бэрхшээл, шинэ ноу хау, дэвшилтэт технологи болон инновац, туршлагаасаа хуваалцаж, бизнесийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжийг эрэлхийлж, хэд, хэдэн санамж бичгийг байгуулснаар илүү ажил хэрэгч уур амьсгалд өрнөлөө.


Энэ удаагийн чуулга уулзалтыг “Ногоон бөгөөд цахим худалдаагаар төрөлжүүлье” сэдвийн хүрээнд жижиг бизнесүүдэд төвлөрч, Ковид-19 цар тахал, хямрал мөргөлдөөн, уур амьсгалын өөрчлөлт, амьжиргааны зардлын өсөлт гэсэн дөрвөн хямралыг даван туулахад жижиг дунд бизнесийг сэргээхэд дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн хэмээн зохион байгуулагчдын зүгээс тодотгож байв.


Түүнчлэн чуулга уулзалтын нээлт дэлхий даяар худалдаа давамгайлсан хөгжлийг урагшлуулахад жижиг дунд үйлдвэрлэлийн оролцоог онцолдог “Бичил, жижиг, дунд үйлдвэрлэлийн олон улсын өдөр” тохиосноороо онцлогтой болов. Жижиг аж ахуйн нэгжүүд нь дэлхийн бүх бизнесийн 90 хувийг бүрдүүлж, нийт ажлын байрны талаас илүүг олгож буй юм.


Нөгөөтэйгүүр цар тахлын дараах бизнесүүд хэвийн үедээ шилжиж, үйл ажиллагаа нь идэвхжиж буй цаг дор Улаанбаатар хотноо 20 дахь удаагийн “Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт 2023” болсон нь Монгол Улс дэлхийн тавцанд эх орноо таниулан сурталчлахад томоохон хөшүүрэг боллоо гэж дүгнэж болохоор байна.


Энэхүү гурван өдрийн чуулга уулзалтаар далайд гарцгүй хөгжиж буй орнуудын бүс нутгийн холбогдсон байдлыг сайжруулах арга замуудыг хэлэлцэж, гарааны бизнесийн санхүүжилт олгох шагналын төлөө өрсөлдөх залуу бизнес эрхлэгчдийн хөгжүүлсэн ногоон бизнесийн шийдлүүдийг танилцуулав. Мөн эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгоход эмэгтэй бизнес эрхлэгчдийн гүйцэтгэх үүргийг онцолж, мэдээлэл, харилцаа холбооны технологи, ноос ноолуур, нэхмэл бүтээгдэхүүн болон арьс ширэн бүтээгдэхүүний чиглэлээр бизнес хоорондын уулзалтуудыг зохион байгуулж, Монголын бизнес эрхлэгчдийг бүс нутгийн болон дэлхийн худалдан авагчидтай холбосноороо түүхэн ач холбогдолтой боллоо.


"Далайд гарцгүй, хөгжиж буй орнуудад цар тахлын улмаас олон улсын худалдаа, эдийн засгийн харилцаа, бараа үйлчилгээний нийлүүлэлт, өртгийн сүлжээнд өмнө байгаагүй сорилт, бэрхшээл, хүндрэл гарч, илүү их зардал, хохирол амссан. Тиймээс хүн төрөлхтөн цар тахал, бараа үйлчилгээний үнийн өсөлт, хүнсний хомсдол, эрчим хүчний хямрал, геополитикийн ээдрээтэй нөхцөл байдал зэрэг олон хүнд сорилт бэрхшээлтэй нүүр тулсан нэн хариуцлагатай цаг үед энэхүү чуулга уулзалтыг зохион байгуулсан нь онцгой ач холбогдолтой хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх чуулганы нээлтэд үг хэлэх үеэрээ тодотгосон юм.


Мөн тэрбээр хэлэхдээ, “Дэлхийн худалдаа, эдийн засгийн харилцааг илүү ногоон, органик, цахим байдлаар төрөлжүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Бид дэвшилтэт технологи болон инновацыг дэмжиж, бизнес эрхлэгчдэд шинэ боломжуудыг нээн өгч, өрсөлдөх чадварыг сайжруулж, тэгш боломжоор хангах ёстой" хэмээн онцолж, энэхүү нэр хүндтэй олон улсын чуулга уулзалт, хамтын үйл ажиллагаа, яриа хэлцэл, нэгдсэн зөвшилцөл нь дэлхий нийтийн тогтвортой, хүртээмжтэй хөгжил дэвшилд зохих хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.


Харин ОУХТ-ийн Гүйцэтгэх захирал Памела Коук-Хамилтон, “Жижиг бөгөөд эмэгтэйчүүд болон залуучуудаар удирдуулсан бизнес нь манай чуулга уулзалтын гол цөм бөгөөд тэдний хямралыг даван туулах чадварыг үлэмж нэмэгдүүлэх үндэс суурийг бэхжүүлэхэд бид анхаарч байна” хэмээн онцолсон юм. Тэрбээр цааш нь,  Дэлхийн худалдааны салбарт тэгш оролцоог дэмжсэн, тогтвортой бөгөөд харилцан уялдаа холбоо бүхий дэлхийн худалдааг дахин сэргээхийн тулд жижиг бизнесүүдийг дэлхийн худалдаанд оролцуулах шинэ хөтөлбөр боловсруулахад Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт тусалж чадна хэмээв.


Энэ удаагийн чуулга уулзалтын гол амин сүнс нь жижиг бизнесүүд, эмэгтэйчүүд, залуу бизнес эрхлэгчдийн асуудалд төвлөрч, шинэ хандлагыг дэлхийн дахинд түгээж буйгаараа онцлог болсныг чуулганы төлөөлөгчид онцолсон юм. Мөн бодлого боловсруулагчид болон олон улсын байгууллагуудын төлөөлөл түлхүү оролцож эдийн засгийг төрөлжүүлэх, хүртээмжтэй, тогтвортой, дархлаатай нийгэм болон улс орнуудын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд гарааны болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид, олон улсын хамтын нийгэмлэг, санхүүгийн байгууллагуудын үүрэг оролцоо, харилцаа, хамтын ажиллагаа урьд өмнөхөөс илүү хариуцлагатай чухал үед ирээд буйг тодотгов.


Ийнхүү хөгжиж буй болон шилжилтийн эдийн засагтай улс орнуудын жижиг, дунд үйлдвэрлэлийн глобал зах зээл дээрх өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд 20 дахь удаагийн “Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт-2023” дэмжлэг үзүүлнэ гэдэгт оролцогсод эргэлзэхгүй байна.


Мөн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалайгаас Монгол Улс эл чуулганаас ямар хүлээлттэй байгааг тодруулахад, “Монгол Улсын Ерөнхийлөгч тус чуулганыг зохион байгуулахад онцгой ач холбогдол өгч, 2030 он хүртэл Монгол Улсын тэргүүлэх асуудал болох экспортыг нэмэгдүүлэхэд түлхэц үзүүлэхэд дэмжлэг болно гэж үзсэн. Нөгөөтэйгүүр Монгол Улс 20 тэрбум ам.долларын худалдааны эргэлтийг хэрхэн 30 тэрбум ам.долларт хүргэх вэ гэдэгт төвлөрч буй энэ цаг үед эл уулзалтын платформ бизнесүүдийг уулзуулахад гол дэмжлэг үзүүллээ. Улмаар бусад орнуудтай экспортыг хэрхэн хамтарч хийх вэ гэдэгт шийдэл өглөө гэж хэлж болно. Тухайлбал хятадын компаниуд манай компаниудтай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан явдал нь бидний хүлээж буй үр дүнгийн нэг хэсэг” хэмээв.


Ийнхүү Монгол Улсын хувьд олон улсын нэр хүндтэй чуулганыг эх нутагтаа зохион байгуулсан нь улс орноо дэлхий дахинд сурталчлаад зогсохгүй, экспортын эргэлтээ тэлэх, хөрөнгө оруулагчдын шинэ урсгалыг татах, үндэсний бүтээгдэхүүнээ танилцуулж, хамтарч ажиллах бодитой боломжуудыг бий болгоход шийдэл өгсөн уулзалт боллоо хэмээн албаныхан дүгнэж байна. Бид экспортоо тэлж байж валютын урсгалаа нэмэгдүүлнэ. Тэгж гэмээнэ хөгжлөө урагшлуулна. Тиймээс далайд гарцгүй хөгжиж буй орнуудын ангиллын хоёр дахь улсаар нэрлэгдсэн Монгол Улс байхгүй боломжоо давуу тал болгоход “Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт”-аас шинэ санаа хуримтлууллаа.



Холбоотой мэдээ