“Газрын ховрын” экспортыг хязгаарласнаар чипний дайн ширүүснэ

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2023-07-17 15:12:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хятад улс ирэх 8 дугаар сарын 1-нээс эхлэн галли, германи гэдэг газрын ховор металлуудын экспортод хатуу хяналт тогтоохоор шийдвэрлэсэн нь дэлхийн зах зээл дээр багагүй сандрал бужигнаан үүсгэлээ. Өндөр технологийн салбарт АНУ-ын зүгээс Хятадын эсрэг хориг тогтоосны хариуд авч буй энэ арга хэмжээ нь Барууны орнуудын стратегийн чухал салбаруудад томоохон аюул учруулж болзошгүй байна


Дээрх шийдвэрийн дагуу ирэх сараас эхлэн галли, германи нийлүүлэх хэлцэл бүрийг Хятадын Худалдааны яам хатуу хянахаар болжээ.   


Энэ хоёр металл бол автомашины үйлдвэрлэл, харилцаа холбоо ба цэргийн аж үйлдвэрийн салбарт юугаар ч орлуулшгүй түүхий эд юм. Германи гэдэг ховор металлыг шилэн кабель, шөнийн харааны хэрэгсэл, нарны зай үйлдвэрлэхэд ашигладаг бол галли бол лазер ба гэрлийн диод зэрэг хагас дамжуулагч төхөөрөмжүүдийг үйлдвэрлэхэд маш чухал түүхий эд болдог. Хагас дамжуулагчгүйгээр 5G төхөөрөмж, цөмийн цацрагийн детектор ба лазерын чиглүүлэгч зэргийг үйлдвэрлэх боломжгүй.  


Хагас дамжуулагчид ба бичил схемүүд, тэдгээрийн дотор хиймэл оюун ухаанд ашиглах чипийг Хятадын компаниудад худалдахыг хориглосон АНУ ба түүний холбоотнуудын гаргасан шийдвэрийн хариуд Хятадын тал дээрх арга хэмжээг авсан гэж ажиглагчид дүгнэжээ.    


Лондоны Financial Times сонинд бичсэнээр бол, Хятадын хязгаарлалтаас үүдэлтэй хохирлоос сэргийлэхийн тулд Европын Холбоо хамгаалалтын арга хэмжээ авахаар оролдож байна. Тус холбоо Грекийн Mytilineos Energy & Metals концернд хандаж, галли олборлох боломжийг судлахыг хүсчээ. Европын металлургичдийн холбооноос мэдээлснийг үзвэл, германи, галли гарган авахаар олон тооны үйлдвэр ажиллаж байгаа аж. Гэхдээ үүний тулд үйлдвэрлэлийн процессыг бүхэлд нь өөрчлөхөөс аргагүйд хүрнэ.


Европын металлургийн концернуудын захирлуудын үзэж байгаагаар, инфляци болон эрчим хүчний үнийн өсөлтөөс шалтгаалан ийм боломж тун хомс байгаа бололтой. Mytilineos Energy & Metals компанийн захирал Ник Керамидас хэлэхдээ “урьдчилсан нөхцлүүд бүрдээгүй байгаа үед галли үйлдвэрлэлд хөрөнгө оруулах гэсэн Европын Комиссын төлөвлөгөө бол тэнэглэл мөн” гэжээ. Европын Газрын ховор металлын холбооны /CRMA/ мэдээллээр, дэлхий даяар үйлдвэрлэж буй галлигийн 80-94 хувийг, германигийн 60 хувийг Хятад улс дангаараа хангаж байна. Эдгээр хоёр металлыг Канад, Финланд, АНУ, Оросод олборлодог боловч Хятадын газрын ховрыг орлох ямар ч боломжгүй ажээ. Тухайлбал, Европ Холбоо гэхэд, хэрэгцээт галлигийн 71 хувь, германий 45 хувийг Хятадаас худалдан авдаг.


Харин энэ хоёр металлын дэлхийн зах зээл нь биет хэмжээний хувьд ч, мөнгөн дүнгийн хувьд ч багтаамж багатай. Тодруулбал, 2022 онд дэлхий даяар 432 сая доллароор үнэлэгдэх 100 тн орчим галли, 230 сая долларын 60 тн орчим германийг хэрэглэсэн байна. Энэ бол ховор элементүүд ба тэдгээрийн нэгдлүүдийг ашиглан үйлдвэрлэл явуулдаг технологийн салбаруудын хэдэн их наядаар тоологдох ашиг орлоготой харьцуулахад тун өчүүхэн тоо. Гэхдээ технологийн салбарын хувьд галли, германи хоёр бол юугаар ч орлуулшгүй түүхий эд гэдгийг дээр дурдсан билээ.


Хятадаас өөр улсын хэдхэн үйлдвэр галлиг зохих түвшинд цэвэршүүлж чадах ба тэдгээрийн нэг нь Бельгийн Umicore концерн бол нөгөө нь Японд бий. Германи металлын хувьд ч нөхцөл байдал мөн ийм байгаа. Гэхдээ одоогоор Хятадын хоригийн үр дагаврыг тооцоход арай эрт байна. Ямартаа ч дэлхийн зах зээл дээр сандрал үүсэж, галлигийн үнэ 30 гаруй хувиар өссөн гэдгийг Financial Times сонинд дурджээ. Эрэлт нэмэгдсэний улмаас дэлхий даяар олборлож буй галлигийн 10 хувийг худалдан авдаг Германы чип үйлдвэрлэгч Freiberger Compound Materials компанийн агуулах дахь нөөц бараг шавхагджээ.  


Малайзын The Star сонинд бичсэнээр, цахим технологиудыг хөгжүүлж, тэдгээрийг цэргийн салбарт хэрэглэх боломжийг олгох хагас дамжуулагчдыг Хятадад нийлүүлэхийг хязгаарлах гэсэн Вашингтоны шийдвэрийн хариуд Бээжин анх удаа тун хатуу хариу алхам хийлээ. Их Британийн The Economist сонинд дүгнэснээр, Америк-Хятадын технологийн сөргөлдөөний эх үүсвэрийг Вашингтон анх тавьсан бөгөөд Хятад улс үүний хариуг барьсан ажээ. Өнгөрсөн онд Америкийн эрх баригчдын зүгээс Хятадын компаниуд Америкийн технологийг ашиглах боломжийг эрс хязгаарлах шийдвэр гаргасан билээ. Үүний сацуу холбоотнуудаа уг хоригт нэгдэхийг шахаж шаардсан бөгөөд Цагаан ордны шахалтаар Нидерландын ASML компани чип үйлдвэрлэхэд шаардагдах хэвлэх төхөөрөмжийг Хятадад нийлүүлэхээ зогсоосон байна. Үүний хариуд Хятадын тал Америкийн Micron компанид үйлдвэрлэсэн чипийг хэрэглэхийг хоригложээ. Үүгээр хариу арга хэмжээ хязгаарлагдахгүй гэж ажиглагчид таамаглаж байсан нь биеллээ олж, одоо хятадууд “хүнд их буугаар” галлаж эхэллээ. Хамгийн сүүлийн үеийн чипнүүдийг үйлдвэрлэхэд шаардагдах галли, германи хоёрын экспортыг хязгаарласан нь үүний тод илрэл мөн. Цаашдаа экспортыг бүрэн хориглох аваас дэлхийн хагас дамжуулагчийн үйлдвэрлэлд хүнд цохилт болж, дараагийн үеийн шинэ технологид шилжих үе явцыг удтал сааруулах нь гарцаагүй.

Хятадын Худалдааны яамны тайлбарласнаар бол, экспортыг хязгаарлах шийдвэр нь “үндэсний аюулгүй байдлын эрх ашиг”-тай холбоотой ажээ. Шинжээчдийн дүгнэснээр, эл шийдвэр нь АНУ-Хятадын худалдааны дайныг шатлан өргөжүүлэх ээлжит алхам болсон бөгөөд Хятадаас хамаардаг байдлыг бууруулахад чиглэсэн Вашингтоны хүчин чармайлтыг сулруулах болно.


Америкийн “Albright Stonebridge Group” зөвлөгөө өгөх компанийн дэд ерөнхийлөгч Пол Триоло-гийн үзэж байгаагаар бол, газрын ховор металлуудын нийлүүлэлтийн багахан хэсгийг нөхөхийн тулд АНУ-д багагүй цаг хугацаа, хөрөнгө оруулалт шаардлагатай ажээ.    


Хятадын талын шийдвэрийг Байдены засаг захиргаа эрс буруушаасны сацуу газрын ховор металлын нийлүүлэлтийн сүлжээг төрөлжүүлэхийг уриалсан байна. The Wall Street Journal сонинд бичсэнээр, АНУ-ын засгийн газар тус улсын Амазон, Майкрософт зэрэг технологийн компаниудын үзүүлдэг “үүлэн технологийн үйлчилгээ”-нд Хятадын компаниудыг хамруулахгүй байхад чиглэсэн нэмэлт арга хэмжээнүүдийг авахаар төлөвлөж байна.


Харин Европын Комисс ба Япон улс Хятадад хандан Дэлхийн худалдааны байгууллагын дүрмийг сахин мөрдөхийг уриаллаа. Дэлхийд чип үйлдвэрлэлээр тэргүүлэгч Тайванийн Эдийн засгийн яамны үзэж буйгаар, Хятадын экспортын хязгаарлалт нь хагас дамжуулагчийн үйлдвэрүүдэд ойрын ирээдүйд ноцтой сөрөг нөлөө үзүүлэхгүй ажээ.


Хятадын Худалдааны дэд сайдаар ажиллаж байсан Вэй Зянго ярихдаа “газрын ховор металлын экспортод тогтоосон хязгаарлалт бол ердөө эхлэл, хориг тавих өөр бусад арга хэрэгслүүд манай улсад олон бий” гэлээ. Сануулан дурдахад, 2010 онд Хятад, Японы хооронд газар нутгийн маргаан дэгдсэний дараа Хятадын тал газрын ховор металлын экспортоо хязгаарлаж байв. Үүний улмаас үнэ огцом өсөж, Япон, Европын Холбоо ба АНУ  ДХБ-д хандан гомдол мэдүүлж байсан билээ.

Холбоотой мэдээ