Рублийн ханш унасаар буйн учир шалтгаан

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2023-08-16 11:43:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шинэ долоо хоног эхлэнгүүт рублийн ханш дахин унаж, “сэтгэлзүйд нөлөөлөгч тооны хязгаар”-ыг давснаар нэг доллар 101 рубльтэй, нэг евро 111 рубльтэй тэнцэх боллоо.


Оросын Төв банк үндэсний валютын ханшийг тогтоон барихыг хичээсээр байгаа боловч Кремлийн зүгээс “мөнгөний хэт зөөлөн бодлого явуулсан” гэх шүүмжлэлд өртөөд байна.  


Ер нь бол рублийн ханш хэдэн сарын турш унасаар байгаа билээ. Зөвхөн 8 дугаар сар гарснаас хойш рубльтэй харьцах доллар, еврогийн ханш 10 хувиар өсжээ. Гэхдээ энэ бол урт хугацаанд явагдаж буй хандлага бөгөөд он гарснаас хойш рублийн ханш нь долларын эсрэг 40 хувиар, еврогийн эсрэг 45 хувиар тус тус суларчээ.  


Харин Оросын албан тушаалтнууд үүнд хэн буруутай вэ гэдгийг аль хэдийнэ хайгаад эхэлжээ. Тухайлбал, Ерөнхийлөгч Путинд ойр байдаг эдийн засагчдын нэг болох Максим Орешкин бичихдээ “рубль суларч, инфляц өсөж буйн гол шалтгаан нь мөнгө-зээлийн хэт зөөлөн бодлого мөн” гэж дүгнэсэн байна. 

 

Нөхцөл байдлыг хэвийн болгоход шаардлагатай бүх арга хэрэгсэл Төв банкинд бий  гэдгийг Орешкин сануулаад “рубль хүчтэй байх нь Оросын эдийн засгийн эрх ашигт нийцнэ” гэжээ. Харин Төв банк хариу мэдэгдэхдээ, санхүүгийн тогтвортой байдалд аюул учраагүй гэдгийг дурдсан байна.


Ер нь бол Кремлийн эрх баригчдын шүүмжлэл төдийлөн оновчтой биш, шударга бус юм. Рублийн ханш суларсан нь мөнгө-зээлийн нөхцлүүд хэт зөөлөн байгаагаас үүдэн зээлийн хэмжээ өсөж, эдийн засагт хэт их рубль эргэлдэж байгаатай холбоотой хэмээн Орешкин шүүмжилж байгаа.


Оны эхээр эдийн засгийн өсөлт тогтворгүй байсан тэр үед эрх баригчдын зүгээс Төв банкинд шахалт үзүүлж, мөнгөний бодлогоо зөөллөхийг зөвлөж байлаа. Харин одоо нөхцөл байдал өөрчлөгдөж, эдийн засаг өсөлттэй байгаа бөгөөд Орешкин ч үүнийг хүлээн зөвшөөрчээ.  


Эдийн засаг өсөж буйн нэг шалтгаан нь төсвийн зарлагын өсөлттэй холбоотой. Орешкиний үзэж буйгаар, ийм хандлага нь макро эдийн засгийн тогтвортой байдалд эрсдэл учруулахгүй ажээ. Харин төсвийн зарлага өссөн нь эдийн засгийг халахад хүргэх эрсдэлийг дагуулж байгаа тухай Төв банкныхан ярьж байна.


Рублийн ханш унаж буйн өөр нэгэн шалтгаан бол мөнгөний бодлого төдийгүй төсвийн бодлого зөөлөн байгаатай холбоотой гэдгийг эдийн засагчид дурдлаа. Эдийн засагч Д.Полевой хэлэхдээ, төсвөөс бага хүүтэй зээлийг их хэмжээгээр олгож байна гэдгийг онцолсон байна. Рубль тийм ч их хэрэгцээтэй биш байна, харин импортын зардлыг нөхөхөд валют хэрэгтэй байгаа.


Олон компани ба иргэд мөнгөө валютаар хадгалахыг илүүд үзэж байгаа нь рублийн ханшийн хэлбэлзэл төдийгүй улс төрийн эрсдэлээс хамгаалж буй хэрэг юм.  Түүнээс гадна, рублийн ханш суларсан нь 7 дугаар сарын эхээр дэгдсэн Евгений Пригожины үймээнтэй холбоотой гэж үзэж буй шинжээчид ч бий.  


Өөр нэгэн хүчин зүйл гэвэл, олсон орлогоо гадаад дахь дансандаа хадгалахыг экспортлогчдод зөвшөөрсөн явдал бөгөөд тэд мөнгөө рублиэр солихыг яарахгүй байна.


Эдийн засагт рубль маш их, харин валют бага байна. Нефть, хийн экспорт нэлээд буурсан тул валютын эх үүсвэр хумигдлаа. 

 

Ерөнхийд нь харвал, валютын нийлүүлэлт хязгаарлагдмал, бага хүүтэй зээлийг ихээр гаргаж байгаа, төсвийн зарлага их байгаа, рублийн эрэлт сул байгаа зэрэг нь ханшийг унагажээ.


Төв банк юу хийж байна вэ?

Өнгөрсөн долоо хоногт Төв банкнаас рублийг дэмжих оролдлого хийлээ. Энэ нь төсвийн зохицуулалтын хүрээнд валют худалдан авахыг оны эцэс хүртэл хориглосон явдал юм.

Үүний өмнөхөн Төв банкнаас хоёр ч удаагийн операц хийсэн байна. Тодруулбал, төсвийн зохицуулалтын хүрээнд Сангийн яаманд зориулж, мөн Үндэсний баялгийн сангийн хөрөнгө оруулалтын хүрээнд валют худалдаж, худалдан авчээ. 

Түүнээс гадна, 7 дугаар сарын дундуур рублийн ханш хурдацтай унаж байх үед 2,3 тэрбум рубльтэй тэнцэх валют худалдсан нь рублийн ханшид бага боловч дэмжлэг боллоо.


Харин төсвийн дахин хуваарилалт буюу зохицуулалтын хувьд асуудал бий. Ийм зохицуулалт нь дайны өмнө чухал механизмын үүрэг гүйцэтгэж байлаа. Юуны түрүүнд, нөөцийг нэмэгдүүлэхэд тустай байв. Хоёрдугаарт, нефтийн үнээс хамааралт байдлаас рублийг ангижруулсан явдал юм. Өөрөөр хэлбэл, нефтийн үнэ унахад рублийн ханш дагаад унадаг байдал зогсжээ. Харин дайн эхлэнгүүт төсвийн зохицуулалтыг зогсоосон бол дараа нь уг зохицуулалтыг арай өөрөөр хэрэглэх болов.


Одоо уг зохицуулалтыг төсөвт орж буй рубльтэй холбож өгсөн тул орлого их байх тусам рубль сулрахаар байна. 8 дугаар сард Сангийн яам валют худалдан авч эхлэх ёстой байсан бөгөөд энэ нь рублийн ханшийг улам унагах байв. Мөн төсвийн зарлагыг нэмэгдүүлснээр ханш бүр ч ихээр унах бөгөөд энэ үед Сангийн яам валют худалдан авах ёстой. Энэ бол өнгөрсөн долоо хоногт рублийн ханш унасан шалтгаануудын нэг гэдгийг эдийн засагчид хэлж байна.  


Харин Төв банк энэхүү алдааг залруулж, төсвийн зохицуулалтыг нягтлах боломжийг Сангийн яаманд олгожээ. Одоо Төв банк оны эцэс хүртэл зөвхөн валют худалдах болно.


Түүнээс гадна, Төв банк бодлогын хүүгээ өсгөж, зах зээлээс тодорхой хэмжээний рублийг татаж авснаар хэсэг хугацааны дараа ханш өсөх нь гарцаагүй.


Цаашид хэрхэх бол?

Наймдугаар сард рублийн ханш тогтворжихгүй гэдгийг эдийн засагчид хэлж байна. Үүний гол шалтгаан нь зах зээл дээр тоглогчид цөөрч, мөнгөний хэмжээ багассантай холбоотой. Арилжааны хэмжээ дайн эхэлснээс хойш ерөнхийдөө буурсны учир нь гадаадынхан зах зээлээс гарч явснаас үүдэлтэй. Үлдсэн хөрөнгө оруулагчид нь уламжлал ёсоор ээлжийн амралтаа аваад тарж явцгаав.


Харин намар болж хөрөнгө оруулагчид амралтаа дуусгаад эргэн ирэх үед рублийн ханшийн хэлбэлзэл багасна. Төв банк бодлогын хүүгээ өсгөх нь тодорхой бөгөөд үүний үр дүн нь цаг хугацааны тодорхой заагтайгаар мэдрэгдэх болно.


Рублийн ханшийг өсгөхийн тулд Төв банкнаас авч магадгүй арга хэмжээнүүдийн жагсаалтыг хөрөнгө оруулалтын БКС компани гаргасан байна. Тухайлбал, экспортлогчдод зориулж шинээр хязгаарлалт тогтоох бөгөөд ингэснээр тэд олсон валютаа дотооддоо хадгалахаас аргагүйд хүрэх юм.  


Түүнээс гадна, татвараа төлөхийн тулд экспортлогчид валютаа их хэмжээгээр худалдаж эхлэх тул сарын эцэст нэг доллар 95 рубльтэй тэнцэж ханш чангарах бол урт хугацааны таамаглалаар оны эцэст 85 рубль/доллар гэсэн ханш тогтоно гэж Сбербанк таамаглажээ.

Холбоотой мэдээ