Б.Туяа: Монголын компаниудтай хамтран ажилласнаар бид дэлхийн ноолуурын үйлдвэрлэлийг улам нэмэгдүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2023-09-26 13:27:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын ӨМӨЗО-ны Худалдааг дэмжих хороо МҮХАҮТ-тай хамтран манай улсад Монгол-Өвөрмонголын бизнес уулзалтыг зохион байгууллаа. “Аж ахуйн нэгжүүдийн ханган нийлүүлэлт, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт” сэдэвт уг бизнес уулзалтад БНХАУ-ын ӨМӨЗО-ны 60 гаруй компанийн төлөөлөл оролцож хамтын ажиллагааны талаар хэлэлцсэн юм. Тэдний нэг ӨМӨЗО-ны Хөх хотын ноолуурын үйлдвэрлэлийн “Дашэни” компанийн захирал Б.Туяатай уулзаж хамтын ажиллагааны талаар тодрууллаа.

-Та форумд ямар зорилгоор ирэв? Энэ талын мэдээллийг анх хаанаас авсан бэ?

-Манайх 2007 онд байгуулагдсан, ноолууран бүтээгдэхүүний үйлдвэр. Жилд 40 мянган ширхэг бүтээгдэхүүн гаргадаг. Монголын ноолуур угааж самнадаг компани, аж ахуйн нэгжүүдтэй түүхий эд нийлүүлэлт дээр хамтран ажиллах сонирхол, хүсэлтэй ирсэн. Хоёр орны хамтарсан уулзалт болох талаарх мэдээллийг Хөх хотын Ардын засгийн газраас авсан. Улмаар манай орны Худалдааг дэмжих хороо баталгаажуулснаар Монгол Улсад ирээд байна.


-Танай үйлдвэр түүхий эдээ хаанаас авдаг бэ? Монгол Улсын ханган нийлүүлэгч компаниудтай яагаад хамтран ажиллах болов?

-Манай үйлдвэр одоохондоо түүхий эдээ Өвөрмонголоос авдаг. Цаашдаа түүхий эдээ Монгол Улсаас авах сонирхолтой байгаа. Учир нь монгол ямааны ноолуур чанартай, гарц өндөр. Монголын компаниудтай хамтран ажилласнаар бид дэлхийн ноолуурын үйлдвэрлэлийг улам нэмэгдүүлж чадна гэж үздэг. Мөн манай хоёр улс ноос, ноолуурын үйлдвэрлэл дээр нэг төрлийн бүтээгдэхүүнээрээ дагнах байдлаар төрөлжин ажиллах шаардлага бий болж байна.

Жишээ, манай үйлдвэр ноолууран хантааз, ороолт, цамц хийдэг. Энэ тал дээр хоёр улсын үйлдвэрүүд туршлагаа харилцан солилцож хуваах байдал чухал. Тиймээс бид Улаанбаатар хотод ирээд Монголын үйлдвэрүүдээр орж танилцан, өөрсдийн бүтээгдэхүүнээ харилцан танилцуулж, цаашид хамтран ажиллах бодолтой ирсэн гэв.


Тэрбээр дэлхийн ноолуурын зах зээлийн дийлэнхийг бүрдүүлж, олон улсад гол тоглогч болдог Монгол Улс, БНХАУ-ын ноолуур үйлдвэрлэгчид түүхий эд бэлтгэн нийлүүлэх тал дээр голлон анхаарч, энэ талын туршлагаа харилцан солилцох нь бүтээгдэхүүний чанарт чухлаар нөлөөлнө гэдгийг хэлсэн юм. Энэ тал дээр ӨМӨЗО-ны туршлага бий гэж байв. 

Бизнес уулзалтад дээрх “Дашэни” компанитай ижил, хөнгөн үйлдвэрийн салбарын, ӨМӨЗО-ны нэхмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн “Хуарун Жимэй” компанийн төлөөлөл мөн хүрэлцэн ирж оролцож байна. 

Т.Амаржаргал

Холбоотой мэдээ