Брюссельд халдлага үйлдсэн сэжигтнийг буудан хөнөөжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2023-10-17 16:30:11

БРЮССЕЛЬ, 2023 оны аравдугаар сарын 17 /BBC/. Бельгийн нийслэл Брюссель хотод даваа гаргийн орой Шведийн хоёр иргэний аминд хүрсэн этгээдийг цагдаа нар буудан хөнөөжээ.  


45 настай Абдесалем Лассуед гэгч этгээдийг Шарбек хорооллын нэгэн кафед бууджээ. ЕВРО-2024 тэмцээний урьдчилсан шатны Бельги-Шведийн шигшээ багуудын тоглолтын үеэр гэмт этгээд автомат буугаар халдлага үйлдсэн байна. Уг хэрэгтэй холбогдуулан Бельгийн эрх баригчид терроризмын аюулын түвшнийг дээд зэрэгт хүргэсэн юм.


Уг этгээдийг орогнол олгох хүсэлтэд нь татгалзсанаас хойш Бельгид хууль бусаар амьдарч байсан Тунисийн иргэн байсан гэж үзэж байна. Бурхны нэрийн өмнөөс хүмүүсийн амийг хөнөөсөн гэж цахим сүлжээнд нийтэлсэн дүрс бичлэгтээ дурдсан түүнийг “Лалын улс” бүлэглэлээс сэдэл авсан гэж Прокурорын газар таамаглаж байна.


Бельгийн Дотоод хэргийн сайд Аннелис Верлинден VRT телевизэд мэдээлэл өгөх үеэрээ, түүнээс олдсон автомат зэвсэг нь даваа гаргийн халдлагад ашигласан зэвсэгтэй ижил байсан гэж хэлсэн байна. Ерөнхий сайд Александр Де Кро мягмар гарагт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр уг халдлагыг “терроризмын аймшигт үйлдэл” гэж тодорхойлжээ.


Хэргийг шалгаж буй прокурор хэлэхдээ, хохирогчид Шведийн иргэншилтэй байсан нь халдлагыг үйлдэх сэдэл болсон байж болзошгүй гэжээ. А.Кро уг хэрэгтэй холбогдуулан мэдэгдэл хийхдээ “гэмт этгээдүүд манай чөлөөт нийгэмд айдас, үл итгэлцлийг бий болгож, хагалан бутаргахыг оролдож байна. Терроризм, террористууд хэзээ ч зорилгодоо хүрэхгүй гэдгийг ойлгох ёстой” гэсэн байна.

Холбоотой мэдээ