“X”-ийн шинэ хэрэглэгчдээс жилд 1 долларын хураамж авч эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2023-10-18 23:13:28

ВАШИНГТОН, 2023 оны аравдугаар сарын 18 /BBC/. Америкийн тэрбумтан Илон Маскийн “X” олон нийтийн сүлжээний /хуучнаар “Twitter/ шинэ туршилтын хүрээнд Шинэ Зеланд, Филиппин дэх шинэ хэрэглэгчид үндсэн функцүүдийг ашиглахын тулд жилд 1 ам.долларын хураамж төлөх шаардлагатай болжээ.


Үүнд уг сүлжээнд пост оруулах, постыг хуваалцах, лайк дарах, сэтгэлдэл үлдээх зэрэг функц хамаарна. Харин дээр дурдсан хураамжийг төлөөгүй хэрэглэгчид зөвхөн постуудыг уншиж, бичлэг үзэж, хаягуудыг дагах боломжтой. “X”-ийн мэдээлснээр, энэхүү арга хэмжээ нь спам, ботыг бууруулах зорилготой байна.


Шинэ хаягууд мөн гар утасны дугаараараа баталгаажуулах шаардлагатай болох юм байна. И.Маск “зөвхөн уншдаг” хаяг нээхэд үнэгүй хэвээр байна хэмээн мэдэгдсэн бөгөөд тэдгээр нь дээр дурдсанчлан үндсэн функцүүдийг ашиглах боломжгүй байх юм.


X, Tesla, SpaceX-ийн захирал тэрбээр “X”-ийн бүх хэрэглэгч төлбөр хураамж төлөх шаардлагатай болж магадгүй талаар өнгөрсөн сард цухас дурдаад байсан юм. И.Маск “Twitter”-ийг өнгөрсөн онд 44 тэрбум ам.доллароор худалдаж авснаас хойш тус компанийн орлого буурсаар байгаа ажээ.


Хэрэглэгчдээс төлбөр авдаг болох нь компанийн санхүүгийн ашиг сонирхлыг илэрхий харуулж байгаа боловч тэрбумтны зүгээс мэдэгдэхдээ, хэрэглэгчдээс төлбөр авдаг болох гэж байгаа нь ботуудтай тэмцэх зорилготой гэдгийг онцолж байна. Өмнө нь тэрбээр бот хийхэд “цөөн хэдэн бутархай мөнгө” зарцуулж байгааг дурдаад, хэрэв үүнд хэдэн доллар эсвэл бага хэмжээний төлбөр төлөх шаардлагатай болбол ботуудын зардал өндөр болно хэмээн ярьж байжээ.

Холбоотой мэдээ