“Түмэн тэмээний баяр”-аар тэмээ, тэмээчдийг алдаршуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2024-02-04 09:31:39

Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/.  “Түмэн тэмээний баяр” Өмнөговь аймагт амралтын өдрүүдэд болж өнгөрлөө. Энэ удаагийн баяр 25 дахь жилдээ болж буй бөгөөд энэ жилийнхийг "16 түмэн тэмээний баяр" нэрийн дор зохион байгуулав.

Энэ нь Өмнөговь аймаг 160 мянган толгой тэмээ тоолуулж, улсад хамгийн олон тэмээтэй аймаг болоод буйг бэлгэдэн ийнхүү энэ жилийн тэмээний наадам, баяраа нэрлэжээ.


Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж "Манай аймгаас тэмээчин Д.Жижээ, Х.Гомбосүрэн, Д.Хамар, Ж.Тогтохсүрэн нарын Монгол Улсын Хөдөлмөрийн баатрууд төрөн гарч, тэмээчин Г.Бүд, А.Батбуян, Д.Хүүхэн нар тэмээн сүргээ өсгөн үржүүлж Монгол улсын Гавьяат малчин, тэмээчин М.Мөнхбаян хурдан тэмээний амжилтаараа Монгол Улсын анхны алдарт уяач цол хүртсэн зэрэг амжилт нь бид бүхний бахархал юм” гэдгийг онцлон хэлж байн.

Мөн хөдөө аж ахуйн салбараас олон арван эрдэмтэн судлаач төрсний дунд тэмээ судлаач Б.Лувсан, Ө.Эрдэнэбилэг нарын эрдэмтэд хоёр бөхт тэмээний үүлдэр угсааг сайжруулахад нөр их хөдөлмөрөө зориулад буйг дурдлаа


НҮБ-аас 2024 оныг тэмээг хамгаагалах олон улсын тэмээн овогтын жил болгон зарлаад байгаа юм. Монгол Улс 2023 онд 473 900 толгой тэмээ тоолуулснаас гуравны нэг нь Өмнөговь аймагт байна. 



Тэрбээр, “Дэлхий дээр нийт тэмээний 90 хувь ганц бөхт, 10 хувь хоёр бөхт тэмээ эзэлдэг. Тэгвэл дэлхийд ховор хоёр бөхт тэмээний цөм нь Монгол Улс. Улсынхаа хамгийн олон тэмээтэй нь Өмнөговь аймаг. Тиймээс бид соёл, уламжлалаа таниулах үүднээс "Түмэн тэмээний баяр"-ыг 25 дахь жилдээ зохион байгуулж байна" гэв


Өмнөговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Х.Отгонмөнх "Түмэн тэмээний баяр 1997 онд эхэлсэн. Тэмээний баяр урьд жилүүдэд гуравдугаар сарын 8, 9-нд болдог байсан. Энэ жил уур амьсгалын өөрчлөлт дулааралтай холбоотойгоор хугацааг нь нэг сараар наашлуулсан. Одоо жил бүрийн хоёрдугаар сарын 1, 2, 3-нд тогтмол зохион байгуулна.


Өмнөговь аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, тэмээний үнэлэмжийг нэмэгдүүлэх гол зорилготой олон ажил хийж байна. Жишээ нь, энэ жил анх удаа УИХ-ын даргын шийдвэрээр “Тэмээний алдарт уяач” цолыг олгож эхэлсэн. Өмнөговь, Баянхонгор аймгийн хоёр залуу Улсын алдарт уяач болоод байна” гэлээ.

Тэрбээр, Монголын аялал жуулчлалын ууган үйл ажиллагаа  "Түмэн тэмээний баяр"-т ирэх гадаад, дотоодын жуулчид, зочид төлөөлөгчийн тоо жил ирэх тутам нэмэгдэж байна гэв.


Холбоотой мэдээ