БНХАУ-ын Засгийн газар, ӨМӨЗО-ны Ардын Засгийн газраас үзүүлсэн тусламжийн эхний багцыг хүлээн авчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-03-19 08:56:09

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Засгийн газраас 200 мянган ам.доллар, БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Ардын Засгийн газраас 170 гаруй мянган ам.долларын эд материалын тусламж үзүүлэхээр болсон.


Тус тусламжийн эхний ээлж болох 500 өрхөд малын эрдэс тэжээлийн багц, хүнсний багц, дулаан хувцас хэрэгсэл, бэлэн мөнгөний тусламжийг Гадаад харилцааны сайд, МУЗН-ийн ерөнхийлөгч Б.Батцэцэг, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюан, МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа нар энэ сарын 18-нд Төв аймгийн Эрдэнэ сумын нутгийн захиргааны удирдлагууд болон тус сумын малчдад хүлээлгэн өгөв. 


МУЗН зудын гамшгийн нөхцөл байдлыг даван туулах, хариу арга хэмжээ авахын тулд бүхий л нөөц бололцоогоо дайчлан ажиллаж, малчдад туслах хүмүүнлэгийн аяныг улс орон даяар төдийгүй олон улсын түвшинд идэвхтэй зохион байгуулж буй. Гамшгийн үнэлгээгээр, манай орны нийт нутгаар хүйтний эрч чангарч, олон давтамжтай их хэмжээний цас орсон нь сүүлийн 40 жилд болоогүй зудын нөхцөл үүссэн юм.



Холбоотой мэдээ