Гепатитын D вирусийн халдвартай 66 мянган хүн байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-03-27 15:27:01

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Эрүүл мэндийн сайд С.Чинзориг гепатитийн D вирусийн  халдварын тархалт, эмчилгээ, оношилгооны өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар танилцууллаа.


Монгол Улсад гепатит вирусийн халдварын тархалт өндөр. Халдвартай иргэдийн дунд элэгний хатуурал, хорт хавдраар өвчлөгсөд, үүний улмаас нас баралтын тоогоор дэлхийд дээгүүр орж байна. Тэр дундаа В, D вирусийн хавсарсан халдварын 80 хувь нь элэгний архаг үрэвсэл, хатуурал, хорт хавдраар хүндэрдэг.


Гепатитийн D вирусийн халдвар дангаар байдаггүй, В вирусийн халдвартай хүний таван хувь нь D вирусийн хавсарсан халдвартай гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага үздэг. Олон улсын нэгдсэн аргачлал болох мета-анализаар судалж үзэхэд, манай улсад гепатитийн D вирусийн халдвартай 66 мянган хүн байж болзошгүй гэсэн тооцоолол гарсан байна.


Эрүүл мэндийн яамнаас өнгөрсөн онд гепатитийн D вирусийн халдварын эмчилгээнд иргэдийг хамруулах асуудалд түлхүү анхаарч ажилласан аж. “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрт 2023 онд төсөвлөсөн нийт 13.5 тэрбум төгрөгийн 9.7 тэрбум төгрөгийг эмчилгээ оношилгооны чадавхийг нэмэгдүүлэх, хүний нөөцийг бэхжүүлэхэд 2.3 тэрбум, орон нутагт эрт илрүүлэг, оношилгоог сайжруулахад 1.4 тэрбум төгрөгийг зарцуулахаар хуваарилжээ.

Холбоотой мэдээ