ХОВД: Он гарсаар баруун бүс нутагт 3.5-аас дээш магнитудын хүчтэй газар хөдлөлт 16 удаа болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-03-28 18:57:02

Жаргалант, 2024 оны гуравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/ Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр өнөөдөр тохиож байна. 

Сүүлийн жилүүдэд газар хөдлөлтийн хүч, давтамж нэмэгдэж байгаа.


Зөвхөн 2024 он гарсаар баруун бүс нутагт 3.5 ба түүнээс дээш магнитудын хүчтэй газар хөдлөлт 16 удаа бүртгэгджээ. Үүнээс Ховд аймгийн нутагт хоёр удаа газар хөдөлсөн юм.

 

Засгийн газраас жил бүрийн гуравдугаар сарын сүүлийн долоо хоногийн пүрэв гарагт улс орон даяар гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио дуугаргаж, дадлага сургууль зохион байгуулах журам гаргасан. Энэ жилийн хувьд гуравдугаар сарын 28-нд газар хөдлөлтөөс сэргийлэх, гамшгийн аюулын зарлан мэдээллийн дуут дохиогоор ажиллалаа. 

 

Ховд аймгийн хэмжээнд 36 цэгт албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, хүүхэд багачуудыг нүүлгэн шилжүүлэх арга ажиллагаанд сургаж дадлагажуулжээ.   


Мөн гамшгаас хамгаалах орон нутгийн алба, аж ахуйн нэгж, байгууллагуудын хамгаалах хүч хэрэгслийн бэлэн байдлыг шалгав.  Үүнд 17 сумаас  21748 иргэн,  мэргэжлийн байгууллагын 1301 алба хаагч, холбогдох техник хэрэгсэлтэй оролцов.  


Энэ нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар хөдлөлтийн аюулыг таниулах, урьдчилан сэргийлэх аргад сургах,  гамшгийн үеийн бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой юм.  


 


Холбоотой мэдээ