Т.Баттулга: Төр засгаас аялал жуулчлалыг сурталчилж байгаа нь салбарын хөгжилд нөлөөлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2024-04-18 15:31:10

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. “Аялал жуулчлалын 7 хоног” аялал жуулчлалын Хөрөнгө оруулалтын чуулганаар 4 дэх өдрөө “Корпорэйт конвеншн” төвд өнөөдөр үргэлжиллээ. Салбарын бодлого, шийдвэр, үйл ажиллагааны хэрэгжилтийн талаар бид холбогдох хүмүүсээс тодруулав.


Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Т.Баттулга:

-Аялал жуулчлалын чиглэлээр төр засгаас санаачлаад Үндэсний чуулганыг, мөн салбарын мэргэжлийн холбоодоос бизнесийн, сургалтын, хамтын ажиллагааны, мөн мэргэжлийн хөтөч, тайлбарлагчдын форум гээд олон арга хэмжээ зохион байгуулж байна.

Өнөөдрийн чуулганаар Засгийн газраас, БОАЖЯ-наас хөрөнгө оруулалтын төслүүд танилцууллаа. Аялал жуулчлалын 7 хоног”-ийн хамгийн гол хэрэгтэй зүйл нь энэ салбарт бизнес эрхэлж байгаа болон эрхлэх гэж буй хүмүүст зориулсан 2 өдрийн сургалт эрэлт хэрэгцээтэй, өгөөжтэй байсан болов уу.



Нөгөө талаар манай салбарт олон байгууллага ажилладаг. Одоо салбарын гол гол асуудал дээрээ нэгдэн хамтран ажиллаж эхэлж байгаа нь ахиц юм. Үндэсний чуулганаас санал дэвшүүлээд аливаа нэг уриалга гаргахаас илүү мэдээлэл солилцож буй нь чухал. Энд Хөвсгөлөөс ирж болно. Ховдоос оролцож болно. Гадаадаас оролцож болно. Гол нь бид цаг хугацаагаа хэмнээд нэгдсэн чуулганд оролцож байгаа нь гол зорилго юм.

-Төр, засгаас гаргаж буй бодлого, шийдвэр хэр үр дүнтэй байна. Та бүхэн хэр хүлээн авч байна вэ?

-Төр, засагтай хамтран ажиллах тал дээр нэлээн ахиц гарч байгаа. Салбарын хуулийг өөрчилж сайжруулах зэргээр дэмжиж байна. Маркетингийн үйл ажиллагаан дээр төр, засаг нэг их оролцдоггүй байсан бол сүүлийн жилүүдэд “Монголд зочлох жил”-үүдийн хүрээнд тодорхой санхүүжилт гарган гадаад, дотоодод сурталчилж байгаа нь салбарын хөгжилд нөлөөлнө.

Гэхдээ цаашид аялал жуулчлалыг хөгжүүлэх гол нөхцөл болсон дэд бүтцийг сайжруулахад аль аль талаасаа хийх зүйл их байна. Аялал жуулчлалынханд олгох зээл болон газрын шаардлагыг эргэн харах хэрэгтэй байна.



БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ:

-Манай салбарт аливаа ажлыг хэрэгжүүлж үр дүн гаргахаасаа өмнө сайн ярилцаж хэлэлцэх ёстой. Ингэж байж салбарын олон асуудлыг шийдвэрлэнэ. Бид ярьж хэлэлцэж байж, ААН-үүдийн саналыг авснаар 2023 онд Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хийж чадсан, ингэж байж өөрчилсөн.

Өнөөдрийн Хөрөнгө оруулалтын чуулганаар бид хөрөнгө оруулагчдыг олох, мөн хамтран ажиллах талаар голлон хэлэлцэж байна.


Хөрөнгө оруулагч нар гадаад, дотоод гэлтгүй бэлэн байж байна. Тодруулбал, гадаад, дотоодгүй, нэг хэсэг нь хөрөнгөө хааш нь хийх вэ гээд, нөгөө хэсэг нь хөрөнгө оруулалт хайгаад явж байх жишээний. Гагцхүү тэднийг яаж холбох вэ, салбарын яг ямар үйл ажиллагаа, чиглэл рүү нь хөрөнгө оруулах вэ гэдэг нь чухал юм гэв.

Өнөөдрийн чуулганаар аялал жуулчлалын салбар дахь хөрөнгө оруулалтын туршлага, амжилттай хэрэгжсэн төслүүдийн талаар мэдээлж, аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний 30 гаруй төслийг танилцууллаа.




Нэмж мэдээлэхэд, манай улсад өнгөрсөн 2023 онд 651 мянга гаруй жуулчин ирж, 1.3 тэрбум ам.долларын орлого оруулжээ. 2024 оны эхний 3 сард ирсэн жуулчдын сэтгэл ханамжийн талаар судлахад, Монгол орны өвлийн аялал жуулчлал, дулааны улирлын аялал жуулчлалаас давсан үзүүлэлттэй гарчээ.

Аялал жуулчлалын мэргэжлийн холбоод БНСУ, Европын орнууд, АНУ, Япон, ОХУ болон БНХАУ-ын тур операторын төлөөлөлтэй нүүр тулсан В2В уулзалт зохион байгуулж, хууль эрх зүйн орчин, салбарын журмын шинэчлэлийн талаар мэдээлэл солилцох гэж байна. Түүнчлэн ОХУ, БНХАУ, БНСУ, Тайланд, Герман, Швейцар улсын аялал жуулчлалын холбоодтой маркетинг зар сурталчилгаа, сургалт зохион байгуулж хамтын ажиллагааг бэхжүүлж байна. 

Холбоотой мэдээ