Өнгөрсөн долоо хоногт гадны нөлөөнөөс цахилгаан таван удаа тасарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2015-12-12 14:23:08

Улаанбаатар хотын цахилгаан түгээх сүлжээний хэвийн ажиллагаа энэ сарын эхний долоо хоногт бусдын буруутай үйлдлийн улмаас таван удаа алдагдаж, 8.5 мянган кВт.ц цахилгаан эрчим хүч дутуу түгээгджээ.

Өөрөөр хэлбэл, 569 аж ахуй нэгж, 7972 айл өрхийн хэрэглээ нийт 385 минутын хугацаатай саатсан байна.  Энэ сарын 1-нд "Марко Поло" ХХК зөвшөөрөлгүй дур мэдэн газар шорооны ажил хийж байгаад цахилгаан дамжуулах кабель шугам гэмтээснээс Баянгол дүүргийн 20 дугаар хорооны 54 аж ахуйн нэгж, 54 айл өрх нийт 108 хэрэглэгч 120 минутын турш цахилгаан тасалджээ.  Энэ сарын 5-нд ийм төрлийн гурван тохиолдол гарсан байна. "Гэрэлтжин" ХХК зөвшөөрөлгүй дур мэдэн газар шорооны ажил хийж байгаад цахилгаан дамжуулах кабель шугам гэмтээснээс Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны 123 аж ахуйн нэгж, 1245 айл өрх нийт 1368 хэрэглэгч 95 минутын турш, "Гэрэлтжин" ХХК дахин зөвшөөрөлгүй дур мэдэн газар шорооны ажил хийж цахилгаан дамжуулах кабель шугам гэмтээснээс Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны 250 аж ахуйн нэгж, 1079 айл өрх нийт 1329 хэрэглэгч 45 минутын турш, "Монгол даймонд" ХХК зөвшөөрөлгүй дур мэдэн газар шорооны ажил хийж цахилгаан дамжуулах агаарын шугам тасалж, тулгуур унагасны улмаас Баянзүрх дүүргийн 17 дүгээр хорооны  79 аж ахуйн нэгж, 2163 айл өрх нийт 2242 хэрэглэгч 75 минутын турш хэрэглээгээ авч чадаагүй.

Энэ сарын 6-нд "Дорно Өргөө" ХХК зөвшөөрөлгүй дур мэдэн газар шорооны ажил хийж цахилгаан дамжуулах кабель шугам гэмтээснээс Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны 63 аж ахуйн нэгж, 3431 айл өрх нийт 3494 хэрэглэгчийг 50 минутын турш тус тус цахилгаан эрчим хүчээр тасалджээ. Хууль зөрчиж, нийтийн эзэмшлийн эрчим хүчний шугам сүлжээнд гэмтэл учруулан хэрэглэгчдийг хохироох явдал тасрахгүй байгааг холбогдох байгууллагаас анхааруулав.

Б.Туул

相关新闻