Хамарын хийд, Ханбаянзүрх хайрхан сүсэгтэн олны хөлд дарагдав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-02-14 11:50:00

Билгийн улирлын “Гал” Бичин жил гарснаас хойш Дорноговь аймгийн Сайншанд  сумын нутагт байх Хамарын хийд, Ханбаян зүрх хайрханыг зорих сүсэгтэн олны тоо эрс нэмэгджээ.  

Сүсэгтэн олон шинийн 15-ндаа багтаж тэр жилийнхээ  засал номоо хийлгэхээр яардаг тул ийнхүү Хамарын хийдийн цогчин дугана хөл хөдөлгөөнөөр дүүрэн, очер дугаар ихтэй, лам нар чөлөө завгүй ном уншлагатай байгаа нь илт байлаа.

Тодруулбал, тус хийдийн ном бичдэг өрөө болон зурхайч ламын  өрөө тус бүртээ хүн багтах зайгүй болж ихээхэн хүндрэл үүсгэж байгаа бол лам нарын хурал хурдаг чогчин дугана бараг хөл гишгэх зайгүй харагдана. Дээрээс нь урдуур хойгуур очер дугаар дайрлаа гэж өгүүлэх  сүсэгтнүүд хийгээд тэдэнд үйлчилж буй ном бичээч хүмүүсийн бухимдал нийлээд заримдаа маргах, үл ойлголцох байдлыг мэр сэр гаргаж буй.

Ном бичээч хүмүүсийн хэлж буйгаар хүмүүс номоо бичүүлчихээд л уншуулах  гээд яараад байдаг. Гэтэл хүмүүст хэрэгтэй  нийтлэг олон номыг хуруулж байгаад нэгэн цагт уншдаг, үүнийг тайлбарлаж хэлэхээр зарим хүмүүс ойлгодоггүй аж. Үүнээс гадна говийн есдүгээр дүрийн ноён хутагт Данзанлувсантүдэв ойрын өдрүүдэд хийддээ заларч олон түмэндээ зориулж ном айлдаж буй нь зочин гийчдийн тоог нэмэгдүүлэх шалтгаан болжээ.

Харин Хамарын хийдэд  засал номоо хийлгэсэн сүсэгтнүүдийн дараагийн очдог газар бол хүслийг гүйцээгч Ханбаянзүрх хайрхан. Тус хайрханыг  зорин очигсод ирээдүйд хийхээр төлөвлөж буй  ажил үйлсээ даатган залбирч хүслээ шивнэж идээ будаа, архи дарсны дээжээс өргөдөг уламжлалтай.                                                                                                               

                                                                                                             Х.Эрдэнэбулган

相关新闻