Т.Болортуяа: Вьетнам, Иран улс руу хонь, ямааны мах экспортлох хэлэлцээр хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2015-09-15 20:08:28

Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын Ази, Номхон далайн бүсийн 29 дүгээр чуулганы үеэр Мал эмнэлгийн үржлийн газрын ахлах мэргэжилтэн Т.Болортуяагаас дараах асуултад хариулт авлаа.

-Зүүн Азийн бүсэд дэлхийн мал аж ахуйн хичнээн хувь нь төвлөрдөг вэ?

- Дэлхийн мал эмнэлгийн эрүүл мэндийн байгууллага 180 гишүүн оронтой. Зүүн Азийн бүсэд дэлхийн мал аж ахуйн  гуравны хоёр нь бий. Мөн Дэлхийн хүн амын дийлэнх нь энэ бүсэд амьдардаг учраас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг түлхүү үйлдвэрлэх шаардлагатай. Дэлхийн мал эмнэлгийн эрүүл мэндийн байгууллага олон улсын зах зээлд мал амьтны түүхий эд, бүтээгдэхүүнийг худалдах гол стандартыг тогтоодог. Монгол Улс энэ байгууллагаар тодорхой асуудлыг хүлээн зөвшөөрүүлж чадвал дэлхийн бүх зах зээлд нээлттэй болно гэсэн үг. Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын Ази, Номхон далайн бүсийн 29 дүгээр чуулга уулзалтаар мал, амьтны өвчлөлийн талаарх асуудлыг хэлэлцэж байна. Дэлхийн мал эмнэлгийн эрүүл мэндийн байгууллагаас нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг улсыг дэмжиж ажиллахаа мэдэгдсэн. Өнөөдрийн байдлаар тус байгууллагын гишүүн орнуудаас 20 гаруй улс нүүдлийн мал аж ахуй эрхэлж байгаа гэсэн судалгаа бий. Үүний нэг нь Монгол Улс.

- Ази, Номхон далайн бүсийн 29 дүгээр чуулганаар хэлэлцэж буй сэдвүүдээс  төлөөлөгчдийн анхаарлыг татаж  ямар асуудал байна вэ?

-Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын Ази, Номхон далайн бүсийн 29 дүгээр чуулга уулзалтаар нүүдлийн соёлыг хадгалахад багагүй бэрхшээл учирч буйг онцолж байгаа. Учир нь хүнд үүсч буй нийт өвчлөлийн 60 хувь нь мал, амьтнаас халддаг болох нь тогтоогдсон. Тиймээс мал, амьтан болон хүн амынхаа тоогоор Ази, Номхон далайн бүсэд тулгамдсан асуудлыг энэ удаагийн хурлаар хэлэлцэн зөвлөмж гарган ирэх онд Парист болох дэлхийн хуралд  танилцуулах юм.

- Манай улсын махны экспорт хоёр хөршөөр хэмжигддэг бөгөөд төдийлөн үр дүнд хүрэхгүй байгаа. Монгол Улсын хувьд гурав дахь зах зээлийг эрэлхийлэх боломж хэр байна вэ?

 - 29 дүгээр чуулганыг угтан ОХУ, БНХАУ-ын Малын Ерөнхий эмч нартай тусгайлсан уулзалт хийж олон асуудлыг шийдвэрлэсэн. Монгол, ОХУ, БНХАУ шүлхий өвчний эсрэг үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тохиролцсныг ХХААЯ-наас сая мэдэгдлээ. Махны экспортын хувьд зүүн бүсэд гарсан шүлхий өвчний улмаас зогсонги байдалтай байгаа. Дэлхийн мал эмнэлгийн эрүүл мэндийн байгууллагаас хэд, хэдэн шаардлага тавьдаг.  Эрүүл бус нутгаас мах махан бүтээгдэхүүн нийлүүлэхэд хорио цээр тавьдаг. Манайх махны чиглэлээр баруун, зүүн, төвийн гэсэн 3 бүстэй.  БНХАУ, ОХУ-ын хувьд манай баруун аймгуудаас мах импортлох сонирхолтой байгаа.  Хятадын талаас зүүн бүсээс зөвхөн адууны мах импортлох боломжтой гэдгээ илэрхийлсэн. Тиймээс бидний хувьд баруун бүсийг эрүүл байлгаж хяналтад оруулан ажиллаж байна. Дэлхийн хүн амын нийт хандлага эко бүтээгдэхүүн рүү шилжсэн. Тиймээс Монголын бэлчээрийн мал аж ахуй гадныхны сонирхлын төвд байгаа. Гол нь бидний хувьд малын өвчингүй орон болох нь чухал. Ингэж чадвал хоёр хөршөөр хязгаарлахгүй гуравдагч орнуудад зах зээлээ нээх бүрэн боломжтой.

-Ингэхэд чуулганд оролцож буй 36 орон Монгол Улсаас мах импортлох хэр сонирхолтой  байна?
-Чуулган дөнгөж эхэлж буй учраас мах импортлох орнуудын сонирхлыг хараахан мэдээгүй байна. Энэ чуулганы үеэр Монгол Улс Вьетнам, Иран улс руу хонь, ямааны мах экспортлох хэлэлцээр хийхээр тохирсон. Гол нь  мал, амьтны өвчний голомттой бүсийг ялгаад нотолчихвол махаа экспортлох гарц нээгдэнэ.Түүнчлэн Мал аж ахуйн бүтээгдэхүүнийг зах зээлд гаргаж эдийн засагтаа хувь нэмэр оруулъя гэвэл төр, хувийн хэвшлийн түншлэл шаардлагатай. Зөвхөн Засгийн газар ажиллах биш малчид, мах комбинатууд санаачилгаараа оролцоод явбал махны экспортод ахиц гарна. Малчдын зүгээс малаа эрүүлжүүлэхэд онцгойлон анхаарах нь чухал.
 

Б.Заяа
 

相关新闻
注释