Хямд үнэтэй таун хаус Улиастай суманд ашиглалтад орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-09-25 15:12:11

Завхан/МОНЦАМЭ/.Завханы Улиастай сумын цэнгэлдэх хорооллын таун хаусны эхний ээлжийн 12 айлын сууц ашиглалтад оржээ. Мөн тус хороололд нийт дөрвөн га талбайд 200 өрхийн орон сууцыг барихаар гүйцэтгэгч компани төлөвлөсөн байна.  

"Цэнгэлдэх хороололд 104 өрх амины орон сууц буюу хаус хэлбэрээр орон сууцтай болж буй. Харин 96 өрх таун хаусанд суурьшихаар захиалгаа өгсөн. Таун хаус нь бага дунд орлоготой залуу гэр бүлүүдэд зориулагдсан хямд өртөгтэй, тохилог сууц юм. Энэхүү хаусыг иргэд найман хувийн хөнгөлөлттэй зээлд хамрагдаж худалдаж авах боломжтой. Цаашид хороололд цэцэрлэг, сургууль, ногоон байгууламж, дэлгүүрийг төлөвлөгөөний  дагуу барина" хэмээн Улиастай сумын Засаг даргын Орлогч С.Ядамжав хэлэв.

12 айл хоёр давхар таун хаусандаа орлоо

Цэнгэлдэх хорооллын таун хасуын барилгын ажлыг гүйцэтгэж буй "Ган" ХХК  өнөөдрийн байдлаар 12 айлын таун хаусыг ашиглалтад өгөөд байна.

Тус компанийн гүйцэтгэж буй таун хаусны барилгын ажил 80 гаруй хувьтай. Барилга нь хоёр давхар, орчин үеийн технологоор тоосгон ханатай, зүрхэвчтэй, бетон суурьтай нэг давхартаа гал тогоо, зочны өрөөтэй, дээд давхартаа унтлагын өрөө бүхий нэг айлын хоёр давхар сууцыг сүндэрлүүлж байна. Давхар бүртээ ариун цэврийн өрөөтэй. Нэг айлын хоёр давхар сууц нь нийт 73 мкв талбайтай. Сууцны нэг ам метр нь 700 мянган төгрөг буюу  нийт талбайгаар үржүүлэхэд 50 сая төгрөгийн өртөг гарна. Өнөөдрийн байдлаар эхний ээлжийн захиалгаа өгсөн 12 айлын орон сууц ашиглалтад ороход бэлэн болсон. Дараагийн ээлжийн 12 айлын орон сууцны барилгын ажил үргэлжилж байгаа аж. "Манай компани өөрийн хөрөнгөөр барилгын ажлыг эхэлсэн. Захиалга өгсөн иргэд 50 хувийн урьдчилгаа төлөх болзолтой. Орон сууцыг ашиглалтад оруулж түлхүүр гардуулах үед үлдсэн тавин хувийн төлбөрөө төлөхөөр гэрээлсэн. Өнгөрсөн оны наймдугаар сараас баригдаж эхэлсэн орон сууцны ажил эрчимтэй явагдаж байна. Одоогийн байдлаар захиалга дууссан. Бид нэмэлт урамшуулал хэрэглэгчдэд өгч буй. Орон сууцны гадна талын хайс, хашаа, бетонон замыг урамшуулал болгож үнэгүй хийж  байна. Мөн таун хаусыг зах зээлийн үнээс  доогуур үнэлсэн. Учир нь орон нутгаас залуу гэр бүлүүдийг дэмжих тэдэнд тохилог сууцанд амьдрах боломжийг олгох бодлого барьж байгаа" гэж Ган" ХХК-ийн зөвлөх инженер Т.Пүрэвжаргал ярив.

Б.Мягмарсүрэн

相关新闻